ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Хуваалцах Жиргэх

Өнөөдөр \2025.05.25\ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга А.Амарбат, ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Ж.Буянбат болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг, Монголын Зуслангуудын холбооны ерөнхийлөгч Т.Түвшин, Монголын скаутын холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсайхан нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хүүхдийг аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх ажлыг хүүхдийн байгууллагууд бусад төрийн болон ТББ-ууд хамтарч хийх хэрэгтэйг онцоллоо.

Тэрээр хүүхдийн төлөөх байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулж сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулж, эхний ээлжид зусланд амарч байгаа хүүхдүүдэд, цаашид СӨБ, Ерөнхий боловсролын сургуулиудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэрэг, хар тамхины эсрэг хичээл ордог болох талаар санал солилцож, холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө.

Дэлхийн улс орнуудын гэмт хэрэг зөрчлийн статистик мэдээллээс харахад 100.000 хүн тутамд 4-6 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа бол манай улсад 100.000 хүн тутамд 14-18 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирдог буюу дэлхийн дунджаас 2-3 дахин өндөр үзүүлэлттэй байна.

Сүүлийн 5 жилийн байдлаар Улсын хэмжээнд хүүхэд хохирсон 10.995 гэмт хэрэг бүртгэгдэж, жилд дунджаар гэмт хэргийн улмаас 2200 хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна гэсэн судалгаа гарчээ.

Ялангуяа үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчинд нэгнийхээ нэр хүндэд нь халдах, хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил жил ирэх тусам нэмэгдэж байгааг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан онцоллоо. Мөн тэрээр Монгол Улсын хэмжээнд Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдогчдын 91.2 хувийг 15-35 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж, хэрэглэгчдийн насны байдал жил ирэх тусам залуужиж байгааг анхааруулав.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Боловсролын болон хүүхдийн байгууллагууд, цагдаагийн байгууллага хамтарч

- хүүхдэд, хар тамхи, мансууруулах бодисын хор хохирол, аюулын талаарх мэдлэг мэдээллийг өгөх,

- цахим гэмт хэрэг, цахим орчин дах ялгаварлан гадуурхалт, эрсдэл зэрэг хүчин зүйлийн талаарх мэдлэг мэдээлэл олгох багц сургалтын гарын авлаг модулыг энэ долоо хоногт багтаан боловсруулах

-  Модулыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хүүхдийн зуслангуудад хүргүүлж, хөгжлийн хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгаж ажиллах үүрэг чиглэл өглөө.

Энэ жил Улсын хэмжээнд 70 гаруй хүүхдийн зусланд 200 мянга гаруй хүүхэд хүлээн авах урьдчилсан тооцоолол гарсан байна. Тиймээс зуны улиралд хүүхдүүдийг зусланд зөвхөн амраах бус тэдэнд тохирсон арга аргачлалаар хууль, эрх зүйн мэдлэг олгох, иргэний журамт үүргээ биелүүлдэг байх тухай, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц мэдлэг олгох нь маш чухал гэдгийг ХЗДХ-ийн сайд онцоллоо.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын албан тушаалтнуудад Хүүхдийн зуслангийн орчинд архи согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчилдэг газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж цагдаагийн эргүүл тогтмол ажиллуулж аюулгүй байдлыг хангах, мөн ЕБС, Их дээд сургуулийн төгсөлтийн баяр болж буйтай холбоотойгоор амралт зугаалгын газруудад хөдөлгөөнт эргүүл тогтмол ажиллуулж, болзошгүй аюул, гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд