Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр /2026.06.29/ төрөлх Налайх дүүрэгт маань эрчим хүчний томоохон эх үүсвэрийн эхлэл тавигдаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 79 МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станцтай болох бүтээн байгуулалт эхэллээ.
Налайх дүүргийн 3-р хорооны нутагт баригдах шинэ дулааны станц нь гурван үе шаттай хэрэгжих бөгөөд нийт 256МВт-ын хүчин чадалтай, 7,900 өрх, 13,000-19,000 айлын орон сууцны барилгыг чанартай төвлөрсөн дулаан хангамжаар хангаж, дүүргийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс бэхжих болно.
Төслийн хүрээнд 1.4км дулаан дамжуулах шугам сүлжээг шинээр барьж, 0.5км шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ.
Жилийн бүх улиралд найдвартай, тасралтгүй дулаан хангамжтай болсноор иргэдийн тав тух, эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдэж гэр хорооллын айл өрхийг ч дулаанаар хангах юм.
Мөн удахгүй 110/35 кВ-ын өндөр хүчин чадал бүхий цахилгааны дэд станц барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Налайх дүүргийг Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд аж үйлдвэр, аялал жуулчлалаар тэргүүлсэн ХОТ болгон хөгжүүлэх шинэ хотын ерөнхий төлөвлөлтийг хийж дуусгасан. Налайх ногоон орчинтой, хүндээ ээлтэй, нэгдсэн стандарттай хот болж Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулна. Шинэ хотын эхлэл болох 1000 айлын орон сууц, үйлдвэр технологийн парк, дулааны станц зэрэг бүтээн байгуулалтууд Налайх дүүрэгт ид өрнөж байна.
