Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Чойбалсан” олон улсын нисэх буудлын хөөрөх, буух зурвасыг өргөтгөн шинэчилж, 4С ангиллын болгох бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ.
Тус төсөл нь улсын төсвийн 59.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих бөгөөд бүтээн байгуулалт дууссанаар 4С ангиллын агаарын хөлгийг хүлээн авч, үйлчлэх боломж бүрдэх юм. Ингэснээр нислэгийн аюулгүй байдал, хүчин чадал нэмэгдэж, бүс нутгийн агаарын тээврийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
Бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Ш.Бямбасүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Иргэний нисэхийн Ерөнхий газрын Төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл, тус газрын Дотоод аудит, аюулгүй байдлын удирдлагын газрын дарга С.Мөнхнасан, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын дарга П.Гантөгс тэргүүтэй холбогдох удирдлагууд, Чойбалсан олон улсын нисэх буудлын дарга С.Батхүү болон албан хаагчид, холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо.

Тус бүтээн байгуулалт нь зөвхөн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна Дорнод аймгийн урт хугацааны хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Аймаг сүүлийн жилүүдэд Зүүн бүсийн аялал жуулчлалын төв болох, хил орчмын аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд нисэх буудлыг 4С ангилалд нийцүүлэн өргөтгөснөөр дотоод, гадаадын жуулчдыг хүлээн авах боломж бүрдэж, аялал жуулчлал, эдийн засгийн хөгжилд бодит түлхэц үзүүлэх нөхцөл бүрдэх юм.