БНСВУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТО ЛАМ-Д ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

БНСВУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТО ЛАМ-Д ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганбаатарын Хулан 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Г.Хулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг уламжилж, Вьетнам Улс нь Монгол Улсын Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш, бүс нутаг дахь итгэлт "гуравдагч хөрш" болохыг онцолж, хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.

Мөн тэрээр Вьетнамын Нам, төр, засгийн тууштай, оновчтой бодлого, шийдэмгий шинэчлэлийн үр дүнд улс орны нийгэм, эдийн засаг эрчимтэй хөгжиж, их бүтээн байгуулалт, төрийн удирдлага, засаглалын шинэчлэл, цахим шилжилт бодит үр дүнгээ өгч, Вьетнам Улс бүс нутагтаа төдийгүй олон улсын тавцанд нэр хүнд, байр сууриа улам бэхжүүлэн хөгжиж буйг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсаас БНСВУ-д томилогдсон анхны эмэгтэй Элчин сайдын хувьд хоёр улсын эмэгтэйчүүдийн манлайлал, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа, солилцоог дэмжихэд онцгойлон анхаарч ажиллахаа тэмдэглэв.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэнд хүргэж, Элчин сайд Г.Хуланд үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэн амжилт хүсэв. Тэрээр Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, хөдөө аж ахуйн зэрэг салбарын бодит хамтын ажиллагаагаар баяжуулах нь нэн чухал болохыг онцолж, Вьетнамын төр, засгийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч То Лам бүс нутаг болон дэлхий дахины нөхцөл байдал хэдий өөрчлөгдсөн ч цаг хугацааны бүхий л сорилт шалгуурыг давсан Монгол, Вьетнамын ахан дүүсийн “ган” мэт бат бөх найрамдал хэзээ ч өөрчлөгдөхгүй болохыг цохон тэмдэглэж, цаашид улам бүр батжин бэхжинэ гэдэгт итгэлтэй буйгаа онцлон тэмдэглэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд