Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол , Солонгос хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэчлэн байгуулахтай холбогдуулан Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төв болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний хавдрын төв хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Баримт бичгийн хүрээнд хоёр улсын хавдар судлалын байгууллагууд эмч, мэргэжилтэн солилцох, сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, хавдрын оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи, орчин үеийн арга барилыг нэвтрүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Хамтын ажиллагаа нь Монголын эмч, мэргэжилтнүүдийг Бүгд Найрамдах Солонгос Улсад сургаж, чадавхжуулахын зэрэгцээ хавдрын тусламж, үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргах бодит боломжийг бүрдүүлж байгааг онцоллоо.Тэрбээр мөн Монгол Улсын Засгийн газар “Хавдар судлалын үндэсний төв-II” төслийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж буйг дурдаад, шинэ эмнэлгийн төлөвлөлт, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд Бүгд Найрамдах Солонгос Улсын туршлага, Үндэсний хавдрын төвийн мэргэжлийн дэмжлэг чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн цаашид шинэ эмнэлгийн үйл ажиллагааны менежмент, хавдар судлалын эмч, мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах, хамтарсан судалгаа, инновацыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Бүгд Найрамдах Солонгос Улсын дэмжлэг чухал болохыг онцолсон юм.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын эрүүл мэндийн салбарын стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, Монгол Улсын иргэдэд үзүүлэх хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, эмчилгээний үр дүнг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
