Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2026.07.28/ танилцав. Тус төсөл нь Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсвгэрт нийт 158 га газарт хэрэгжиж байна.
Орчин үеийн ухаалаг хот буюу “Смарт сити” зарчмаар төлөвлөсөн үндэсний хэмжээнд загвар болох уг төслийн талбайд,
-113 блок, 8,575 айлын орон сууц
-5,780 суудалтай 5 сургууль
-1,520 суудалтай 8 цэцэрлэг
-4 өрхийн эмнэлэг, соёлын цогцолбор, спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулна.

Бүтээн байгуулалтад 7 ерөнхий гүйцэтгэгч ажиллаж, зарим хэсэгт 9 болон 12 давхрын угсралт дуусаж, цонхоо суурилуулж эхэлжээ. Барилгын талбайд өдөрт дунджаар 1700 орчим инженер техникийн ажилтан, 70-80 орчим машин механизм ажилладаг бөгөөд бараа, материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд юм. Газар чөлөөлөлт 96 хувьтай байна.
Бүтээн байгуулалтын явц 36.7 хувьтай үргэлжилж буй бөгөөд 2027 онд орон сууцны хэсэг, 2029 онд олон нийтийн үйлчилгээний бүсийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, олон нийтийн бүсэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог бодлогоор дэмжинэ гэлээ.
Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн ажлыг эрчимжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд холбогдох яам, тамгын газар, Нийслэлийн Засаг дарга болон “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-д дараах үүрэг даалгаврыг өглөө.
Үүнд:
-Мкв-ийн үнийг бууруулах. 5.000.000 төгрөгөөр зорилтот бүлэгт хүрэхгүй учраас нийслэл үнэ бууруулах шийдлээ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулах
-Борлуулалтын олон төрөлт схем, загвар боловсруулах. Ипотек, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэрийг тусгаж, санхүүжилтийн олон төрөлт эх үүсвэрийг ашиглах, борлуулалтын үе шатанд төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулахыг тэргүүлэх чиглэл болгох
-Засгийн газраас Сэндбоксийн журмыг баталж өгнө. “Смарт Сэлбэ сити” бүх үйл ажиллагаандаа ухаалаг шийдлийг дүрэм журмын хүрээнд саадгүй нэвтрүүлэх
-Эдийн засгийн тусгай бүс болгож, хувийн хэвшлээ дэмжих зэрэг асуудлууд багтжээ.

“Смарт Сэлбэ сити” төсөл бүрэн хэрэгжсэнээр Монгол Улсын ДНБ-д 2.5 их наяд төгрөгийн нэмэлт өгөөж бий болох урьдчилсан тооцоо гарчээ. Бүтээн байгуулалтын дүнд 45 мянган иргэн орон сууцанд орж, орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана. Мөн 16 мянган ажлын байр бий болно. 15,600 янданг буулгаж, нүүрсний хэрэглээ жилд 7,500 тн-оор багасна. 12,000 нүхэн жорлон устаж, хөрс, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, автомашины хөдөлгөөний ачааллыг багасгахаар тооцоолжээ.
2024 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийг Ерөнхий сайд Н.Учрал ахалж батлуулсан бөгөөд хот нь мэдээллийн технологид суурилсан, ухаалаг, ил тод байдлыг дэмжиж, иргэдийн оролцоог хангасан орчин үеийн байдлаар хөгжих боломжийг нээжээ. “Сэлбэ смарт сити” төсөл нь дээрх боломжийг шууд тусгасан буюу хот төлөвлөлтийн шинэ үеийн загварыг тодорхойлох, иргэн бүрийн өдөр тутмын хэрэгцээг 20 минутын дотор хүртээмжтэй, ухаалаг, тогтвортой орчинд шийдвэрлэх боломж бүрдүүлсэн, амьдрахад таатай иж бүрэн хотын бүтээн байгуулалт юм.


