Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай Улс “Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай конвенц”-д 1998 онд нэгдэн орж, улс хооронд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэх талаарх эрх зүйн зохицуулалтыг 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуульд тусган, хэрэгжүүлж ирсэн.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул болон холбогдох шинжээчид Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Холт Интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөл болон Монгол Улсаас гадаад гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд, тэдний гэр бүлийг хүлээн авч уулзлаа.
“Холт Интернэшнл” төрийн бус байгууллагаас уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Эх оронтойгоо танилцах аялал” нь Монгол Улсаас гадаадын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдэд төрөлх улс, эх орныхоо соёл, зан заншилтай танилцах, холбогдох байгууллагуудтай уулзаж өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлж, хамтран ажиллах боломжийг олгодог.
Энэ удаагийн аяллын оролцогчид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зочилж, өөрсдийн боловсрол, мэргэжил, ажил, амьдралын талаар болон гэр бүл, амьдарч байгаа улс орныхоо тухай, ойрын болон ирээдүйн зорилго, үрчлэлтийн ач холбогдол, үр дүнгийн талаар чөлөөтэй дотно ярилцсан юм. Хүүхдүүдийн хувьд Монгол Улсын сайн сайхан байдлыг дэлхий нийтэд таниулахад өөрсдийн хувь нэмрийг оруулах чин хүсэл зорилготой байгаагаа илэрхийлсэн нь уулзалтын сэтгэл хөдөлгөсөн, бахархсан агшин байлаа. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул зочдод УИХ-ын 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн онцлог гол зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, энэ удаагийн Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэлээр:
- Дотоод, гадаад хүүхэд үрчлэлтийн шийдвэрийг “Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэх”;
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий гадаад үрчлэлтийн орон тооны бус зөвлөл ажиллах;
- Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үрчлэлтийн мэдээллийн сан бүрдүүлж, ашиглах;
- Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авсан гадаадын иргэн, гэр бүл нь хүүхдийн хөгжлийн тайланг 18 насанд хүртэл хагас жил тутамд холбогдох байгууллагаар дамжуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Гадаадын иргэн харьяатын газарт ирүүлэх зэрэг олон шинэ зохицуулалт туссаныг онцолсон юм.
“Холт Интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөгчид Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэлд талархалтай байгааг онцлоод, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад улс орнуудад хэрэгжүүлж байгаа сайн туршлагаа хуваалцаж, хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.