ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН “БОИНГ” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН “БОИНГ” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.08.06) дэлхийн хамгийн том агаарын хөлөг үйлдвэрлэгчдийн нэг АНУ-ын “Боинг” компанийн төлөөлөгчид болон Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Бойнг” компанийн Хойд Ази дахь арилжааны нисэх онгоцны борлуулалт, маркетингийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Жэф Эдвардс тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг уриад, Монгол Улсын ЗТЯ-нд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.

Тэрээр Монгол Улс агаарын тээврийн салбарыг эдийн засгийн өсөлтийн тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэн хөгжүүлж байгааг онцлоод, Ази, Европыг холбосон газарзүйн давуу байршлаа түшиглэн бүс нутгийн агаарын тээврийн зангилаа төв болох зорилтыг үе шаттай хэрэгжүүлж буйг танилцууллаа.

Мөн Монгол Улс агаарын тээврийн либералчлалын бодлогыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар 50 гаруй улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, дэлхийн 250 гаруй хот руу шууд нислэг үйлдэх эрх зүйн орчныг бүрдүүлээд байгааг дурдаж, цаашид олон улсын шинэ чиглэлүүдийг нээх, агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар талууд Монголын агаарын тээврийн зах зээлийн хөгжлийн боломж болон хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн “МИАТ” ТӨХК болон “Боинг” компанийн олон жилийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, агаарын хөлөг худалдан авах болон санхүүжилтийн таатай боломж, техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

”МИАТ” ТӨХК нь 1992 оноос “Боинг” компанийн агаарын хөлгийг ашиглаж эхэлсэн бөгөөд өнөөдөр тус компанийн үйлдвэрлэсэн хэд хэдэн төрлийн агаарын хөлгөөр олон улсын нислэг үйлдэж, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж байна.

Уулзалтаар талууд агаарын хөлгийн эдийн засгийн үр ашиг, санхүүгийн нөхцөлийн талаар санал солилцож, ЗТЯ-ны зүгээс МИАТ ТӨХК-ийн олон улсын болон бүс нутгийн нислэгийн сүлжээнд хамгийн сайн тохирох “Боинг” компанийн дараагийн загваруудаас сонгох, ингэхдээ үйл ажиллагааны зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй байх шаардлагын дагуу шатахуун бага зарцуулдаг техникийн өндөр үзүүлэлттэй хөлгүүдээс авах сонирхолтой байгаагаа уламжиллаа.

Мөн үнийн нөхцлийн хувьд, худалдан авах агаарын хөлгийн зах зээлийн үнэ, төлбөрийн уян хатан нөхцөл болон санхүүжилтийн бүтцийг харилцан ашигтайгаар ярилцаж, хамтран ажиллахаар санал нэгдэв.

Уулзалтад Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК-ийн удирдлагууд, “Боинг” компанийн Хойд Азийг хариуцсан удирдлагууд болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцлоо.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд