Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ

Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ

Хуваалцах Жиргэх

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Шадар сайдын 3 дугаар албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд (2026.08.07) Сэлэнгэ, Дархан, Булган аймагт ажиллалаа. 

Монгол Улсын Засгийн газраас “Чөлөөлье” бодлогыг дэвшүүлж, төрийн оролцоог хумиж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зарчим баримталж байна. Энэ хүрээнд Сэлэнгэ аймаг өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 70 МВт-ын ДЦС ашиглалтад оруулж байгаа нь бүс нутгийнхаа эрчим хүчний дэд бүтцийг шийдэж буйгаараа онцлог гэдгийг Шадар сайд тодотголоо. Энэ нь бусад аймгуудад төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүч, дулааны асуудлаа шийдэж болохуйц томоохон жишиг болсныг онцолж байна. 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшлийн менежментэд шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн байна. 

Аймгийн хувьд: 

-Намрын ургац хураалтад шаардлагатай 10-12 мянган тн шатах тослох материалын нөөц бүрдүүлэх

-Сүхбаатарын суманд үерийн далан барихад шаардлагатай 26 тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэх, 

-Хүдэр суманд обьектын болон ой, хээрийн түймэр зонхилон тохиолддог учраас Эрэн хайх, аврах салбарыг Гал түймэр унтраах, аврах анги болгон өргөжүүлэх, 

-Бугант, Түнхэл тосгонд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг асуудлыг хөндлөө.

Дархан-Уул аймаг эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 66,71%, эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай аваарын нөөц бүрдүүлэлт 94,0%, автомашин, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал 97,83% байна.

Цаашид “Дархан” дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг уламжиллаа. Энэ нь Дархан, Сэлэнгийн бүс нутагт төмөр, хүдэр, газрын тосны болох шохойн томоохон уурхай, газар тариалангийн цахилгаан хангамжийг хангах боломж бүрдүүлнэ гэлээ. 

-Ургац хураалтад ажиллах хүн хүчний дэмжлэг үзүүлэх

-Ургац хураалтын үед ашиглах шатахууны хангалт

-Хаврын хүнсний хангамжийг тогтвортой байлгах мах бэлтгэх, нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх

-Дархан сумын үерийн хамгаалалтын далан сувгийн засвар

-Дулааны төв магистраль шугамын хамгаалалтын ажил

-Нэгдсэн эмнэлэгт ангиографийн тоног төхөөрөмж худалдан авах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг танилцууллаа. 

Булган аймгийн хувьд, 

-2026–2027 оны халаалтын улирал эхлэхээс өмнө "Булган Мээж" ОНӨХХК болон "Энержи плас" ХХК-ийн хооронд үүссэн 9.7 тэрбум төгрөгийн өр төлбөрөөс 6 тэрбум төгрөгийг шийдвэрлэх, 

-Булган аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойтой холбогдуулан 2027 оны улсын төсөвт Булган сумын авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажилд шаардлагатай 21.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгах зэрэг саналуудыг хэлэв. 

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр дээрх саналыг хүлээн авч, “Булган Мээж” ОНӨХХК болон “Энержи Плас” ХХК-ийн хооронд үүссэн 9.7 тэрбум төгрөгийн өр төлбөрөөс 6 тэрбум төгрөгийг Аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу шийдвэрлэхээр боллоо.

Шадар сайд Н.Номтойбаярын зүгээс 21 аймгаар ажиллаж, олон жил угжирсан асуудлуудыг нэг мөр цэгцлэх, дахин давтагдахгүй байхад Засгийн газар анхааран ажиллаж буйг тодотгов. Тэрбээр, орон нутгуудыг хөгжихөд чөдөр тушаа болж буй хууль, эрх зүйн орчныг шинэчилж, санхүүгийн эрх мэдлийг шат дараатай нэмэгдүүлэх чиглэлээр анхааран ажиллахаа илэрхийллээ. Ингэснээр аймаг, орон нутгууд шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлаа заавал Засгийн газар, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхгүйгээр, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хяналтан дор ажиллах боломж бүрдэнэ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд