АНУ-ЫН F-1, J-1 ВИЗНИЙ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

АНУ-ЫН F-1, J-1 ВИЗНИЙ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Хуваалцах Жиргэх

F-1, J-1 виз эзэмшигчдийн АНУ-д оршин суух хугацааг тооцох журамд өөрчлөлт орно

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам (Department of Homeland Security – DHS) 2026 оны 7 дугаар сарын 17-ны өдөр F, J болон I ангиллын виз эзэмшигчдийн АНУ-д оршин суух хугацааг тодорхойлох журамд томоохон өөрчлөлт оруулсан эцсийн журмыг нийтэлсэн бөгөөд уг журам 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлэхээр товлогдоод байна. Шинэ журмаар F-1 оюутан, J-1 солилцооны хөтөлбөрт оролцогч зэрэг холбогдох ангиллын гадаадын иргэдийг АНУ-д нэвтрэх үед өмнөхтэй адил “Duration of Status” буюу D/S тэмдэглэгээгээр хугацааг нээлттэй тогтоохын оронд Form I-94 дээр АНУ-д байх эрхтэй тодорхой эцсийн хугацаа (Admit Until Date) заахаар болж байна. F болон J ангиллын иргэдийн хувьд уг хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаатай уялдуулан тогтоох бөгөөд ерөнхийдөө нэг удаагийн зөвшөөрөгдсөн хугацаа 4 жилээс хэтрэхгүй байна.

Энэхүү өөрчлөлтийн дагуу Form I-94 дээр заасан хугацаанд сургалт, солилцооны хөтөлбөрөө дуусгах боломжгүй тохиолдолд АНУ-д хууль ёсны статусаа үргэлжлүүлэн хадгалахын тулд хугацаа дуусахаас өмнө Extension of Stay (EOS) буюу оршин суух хугацааг сунгуулах хүсэлтийг АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-д зохих журмын дагуу гаргах шаардлага үүсч болно. Мөн шинэ журмаар F-1 оюутны сургалт болон зөвшөөрөгдсөн дадлага (OPT) дууссаны дараах АНУ-аас гарахад зориулсан хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгох, сургууль болон сургалтын хөтөлбөр шилжүүлэхэд тодорхой нэмэлт хязгаарлалт тогтоох зэрэг бусад өөрчлөлтийг тусгасан байна.

Одоо АНУ-д F-1, J-1 статустай байгаа иргэд юуг анхаарах вэ?

2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр АНУ-д хүчин төгөлдөр F эсхүл J статустай, Form I-94 дээрээ D/S тэмдэглэгээтэй байгаа иргэдэд шилжилтийн зохицуулалт үйлчилнэ. Ийм иргэдийн хувьд 9 дүгээр сарын 15-нд шууд шинэ I-94 авах эсхүл бүгд нэгэн зэрэг USCIS-д хугацаа сунгуулах хүсэлт гаргах шаардлага үүсэхгүй. Гэхдээ зөвшөөрөгдсөн оршин суух хугацааг тухайн иргэний I-20/DS-2019 дээрх хөтөлбөрийн дуусах хугацаа болон шинэ журмын шилжилтийн дээд хугацаатай уялдуулан тооцох тул өөрийн сургуулийн Designated School Official (DSO) эсхүл J-1 хөтөлбөрийн хариуцсан ажилтнаас өөрийн нөхцөл байдалд тохирсон мэдээлэл авах нь зүйтэй.

Түүнчлэн 2026 оны 9 дүгээр сарын 15-наас хойш АНУ-аас гарч, F эсхүл J статусаар буцаж нэвтэрч байгаа иргэд шинэ журамд хамрагдаж, АНУ-д дахин нэвтрэх үед Form I-94 дээр тодорхой “Admit Until Date” тогтоолгоно. Иймд Монгол Улсын иргэд, ялангуяа АНУ-д суралцаж буй оюутан, судлаач, солилцооны хөтөлбөрт оролцогчид гадаад улсад зорчих, сургалтын хугацаагаа сунгах, сургууль болон хөтөлбөрөө өөрчлөх шийдвэр гаргахаасаа өмнө өөрийн сургуулийн олон улсын оюутны алба, DSO/хөтөлбөрийн хариуцсан ажилтантай зөвлөлдөж, Form I-20 эсхүл DS-2019 болон Form I-94 дээрх мэдээллээ нягтлан шалгахыг зөвлөж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд