Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн малчдын чуулга уулзалт Монгол Улсад дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Чуулга уулзалтын хамгийн чухал бөгөөд сонирхолтой хэсэг нь орон нутаг дахь аялал, хэлэлцүүлэг юм. Монгол Улсын хангай, говь, төв, зүүн, хойд бүсүүдэд 100 гаруй орны 240 орчим малчид нүүдэлчид, малчдын байгууллагуудын төлөөлөгчид хүрэлцэн очиж, орон нутгийн малчдын ахуй байдал, бэлчээр ашиглалт, мал аж ахуйн онцлогтой танилцахын зэрэгцээ Дэлхийн малчдын тунхаглал, Эмэгтэй малчдын тунхаглал, Залуу малчдын тунхаглал гэсэн гурван баримт бичгийг зүйл заалт бүрээр нь хэлэлцэн, өөрсдийн саналыг тусган боловсруулж байгаа юм.
Тухайлбал, өнөөдөр Дэлхийн малчдын чуулга уулзалтад оролцогчдын зүүн бүсийн аялал, хэлэлцүүлэг Хэнтий аймгийн Баян-Адарга суманд болж, Эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгт Ази, Африк, Америк, Европ тивийн 11 улсын малчид, тэр дундаа малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож байна.
Дэлхийн малчин эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг Дэлхийн малчдын тунхаглал буюу Улаанбаатарын тунхаглалд тусгах, үүний тулд Эмэгтэй малчдын тунхаглалыг ийнхүү олон улс үндэстний малчид, малчин эмэгтэйчүүд, малчдын байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлж байгаа нь өндөр ач холбогдолтой. Баян-Адарга суманд болж буй хэлэлцүүлэгт оролцогчид малчин эмэгтэйчүүдэд тулгарч байгаа асуудлуудыг эрэмбэлэн тодорхойлж, дэлхийн нүүдэлчин, малчин улс үндэсний өмнө тулгамдаж байгаа нийтлэг бэрхшээл, сорилт, тэр дундаас малчин эмэгтэйчүүдийн нийгэм, соёл, эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх арга замыг Эмэгтэй малчдын тунхаглалд тусгах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Дэлхийн малчдын чуулга уулзалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд Африк, Ази, Европ, Америк болон дэлхийн бусад бүс нутагт болсон малчдын уулзалт, хэлэлцүүлгүүдийн үр дүнг нэгтгэн, Дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Мөн Монгол Улсад тав хоногийн дараа эхлэх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д танилцуулна. Ингэснээр газрын доройтол, цөлжилт, гангийн тэсвэрлэх чадвар, газрын тогтвортой менежмент зэрэг дэлхий нийтийн бодлогын хэлэлцүүлэгт малчдын санал, хэрэгцээ шаардлага, дуу хоолойг хүргэх юм.