ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Хуваалцах Жиргэх

Өчигдөр Монголын банкнуудын холбооны удирдлагууд, төлбөрийн цахим аппликейшн эзэмшигч, хөгжүүлэгчидтэй уулзаж иргэдийн санхүү мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, цахим гэмт хэрэг, залилангаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцож зарим арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Сүүлийн жилүүдэд цахим орчинд үйлдэгдэж буй залилан, хууль бусаар иргэний данс руу нэвтрэх, хуурамч зар сурталчилгаа, линкээр дамжуулан иргэний мэдээллийг авах, цахим мөрийтэй тоглоомд иргэдийг татан оролцуулах зэрэг гэмт хэрэг нэмэгдэж, улам зохион байгуулалттай, хил дамнасан шинжтэй болж байна.

2026 оны эхний зургаан сарын байдлаар 30 мянга гаруй иргэн цахим залилангийн хохирогч болж, мөнгө санхүү, эд хөрөнгө, цаг хугацаагаараа хохирчээ. Энэ бол бид бүхнээс илүү шуурхай, нэгдсэн арга хэмжээ авахыг шаардаж буй ноцтой нөхцөл байдал.

Өнөөдрийн уулзалтаар:

Мэдээлэл солилцоог шуурхай, үр дүнтэй болгох

Цахим залиланг аль болох эрт таслан зогсоох

Иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тогтмол хүргэх

Банк, санхүүгийн байгууллага болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах

Хуульд нийцсэн, шуурхай цахим мэдээлэл солилцооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай талаар ярилцлаа.

Цахим залилан гарсны дараа хохирлыг нөхөн барагдуулах гэж хөөцөлдөхөөс илүү гэмт хэргийг үйлдэгдэхээс нь өмнө таслан зогсоох нь хамгийн чухал. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цахим гэмт хэрэг, үндэстэн дамнасан кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд онцгой анхаарч, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд банк, финтек, харилцаа холбоо, төрийн болон хууль сахиулах байгууллагуудын оролцоог хангасан цахим залилангаас урьдчилан сэргийлэх үндэсний нэгдсэн платформ хөгжүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн цаашид банкны болон төлбөр тооцооны аппликэйшн гэх мэт иргэдийн хэрэглээнд нэвтэрсэн сувгуудаар дамжуулан цахим залилангаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүргэхийн зэрэгцээ хүүхэд, залуус, иргэдийн санхүүгийн аюулгүй байдлын боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаар тогтлоо.

Төр дангаараа энэ асуудлыг шийдэх боломжгүй учраас банк, санхүүгийн салбар, технологийн байгууллагууд, хууль сахиулах байгууллага, иргэдийн хамтын оролцоо цахим гэмт хэргийн эсрэг хамгийн үр дүнтэй хамгаалалт болох юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд