Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд /COP17/ оролцож буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Интэй уулзаж, санал солилцов.

Уулзалтын эхэнд, Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээнд өргөжин хөгжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг онцлов. Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилга хэрэгжүүлж, энэ хүрээнд Монголд үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын 1200 гаруй аж ахуйн нэгжийг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ. Түүнчлэн, “Солонго 1, 2” орон сууцны төсөл амжилттай хэрэгжиж байна. БНСУ-д Монголын 60,000 гаруй иргэн амьдарч буй тул Солонгост 2 дахь монгол сургууль байгуулах бэлтгэл ажлаа хангаж байгааг мөн тэмдэглэлээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Ин “Хоёр талын харилцаа маш идэвхтэй хөгжиж, өөдлөн дээшилж байна. Цаашид ховор металл, эрүүл мэнд, ойн салбараас гадна, шинэ салбар хөгжүүлэхэд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Ховор металлын чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллаж, эцсийн бүтээгдэхүүн болгоход хамтран ажиллах нь чухал. Цахим хөгжлөөр Монгол Улс дээгүүр байрт орж байгаа гэж сонссон. Энэ чиглэлд хамтран ажиллах хэрэгтэй. Манай улсад оршин суугаа монгол иргэд, хүүхдүүд өөрсдийн өв соёлоо хадгалж явах нь чухал юм” хэмээлээ.

Талууд байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хуримтлуулсан туршлага, технологи, инновац, сайн туршлагыг харилцан солилцож, хамтын ажиллагааг бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөрөөр баяжуулахын ач холбогдлыг тэмдэглэлээ.
Хоёр улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр олон жилийн турш үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн. Монгол Улс цөлжилттэй тэмцэх, ойжуулалт, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр БНСУ-тай хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх сонирхолтой байна.