ЭМИЙН ЖАГСААЛТ, ЭМИЙН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ШИНЭЧЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

ЭМИЙН ЖАГСААЛТ, ЭМИЙН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ШИНЭЧЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Хуваалцах Жиргэх

Өнөөдөр ЭМДҮЗ-ийн 2022 оны “Эмийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоол болон Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журмыг шинэчлэх асуудлаар уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Дэлхийн банк, эм зүйн салбарын мэргэжлийн болон төрийн бус байгууллага, эм үйлдвэрлэгч, эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангийн төлөөллүүд оролцож, шинэчлэлийн асуудлаар санал солилцов.

Уулзалтаар Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотой зохицуулалт болон эмийн жагсаалтыг шинэчлэх асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журамд оруулах гол өөрчлөлт, шинэчлэлийн талаар талуудад мэдээлэл өглөө. Мөн “Эмийн жагсаалт”-ыг шинэчлэх төслийг танилцуулж, эмийн нэр төрөл, жагсаалтад оруулах болон хасах эмийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар “Хөнгөлөлттэй эмийн хувьд баримтлах бодлого, журам, цаашлаад үнийг хэрхэн тогтоох, олон улсын арга, аргачлалтай хэр нийцэж байгаа, тэдгээрийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой эсэх зэрэг асуудлаар бүх оролцогч талын байр суурь, санал, мэдээлэл үнэ цэнтэй. Бид юун түрүүнд даатгуулагчийн эрх ашиг, эмийн хүртээмжийг бодолцохын зэрэгцээ эмийн салбарын оролцогчдод бодитой, хэрэгжих боломжтой зохицуулалт бий болгохыг зорьж байна” гэдгийг онцоллоо.

Хэлэлцүүлэгт оролцсон талууд эмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, зохицуулалтын хэрэгжилт, эмийн хүртээмж, үнэ, чанар болон салбарын оролцогч талуудын уялдаа холбооны талаар санал, зөвлөмжөө хуваалцлаа. Оролцогч талуудаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн дүгнэж, хэрэгжүүлэх боломжтой саналуудыг тогтоолын төсөлд тусган боловсруулна. Улмаар шинэчилсэн тогтоолын төслийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргах юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд