Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг 2026 оны 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж буй 40 дэх удаагийн Номын баяр, “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” энэ сарын 18-20-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотын төв талбайд болно.
Энэ удаагийн Номын баяр нь залуу хэвлэн нийтлэгчдийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын хэвлэн нийтлэгчидтэй соёлын солилцоо хийхэд чиглэж байгаагаараа онцлог. Япон, БНСУ, БНХАУ, БНЭУ, Киргиз зэрэг 10 орны 30 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгч, номын соёлын төлөөлөл оролцож, гадаад оролцогчдын хэсэг болон олон улсын Business-to-Business (бизнесээс бизнест) буюу байгууллага, компаниуд хоорондоо шууд уулзаж, хамтын ажиллагаа, түншлэл, бизнесийн боломжийн талаар хэлэлцэх уулзалтыг зохион байгуулна.
Номын баярын гурван өдрийн турш Зохиолчдын хэсэг, Гадаад оролцогчдын гудамж, Хэвлэлийн газруудын тусгай гудамж, залуу хэвлэн нийтлэгчдийн “Indie Street”, Зурагт номын гудамж зэрэг хэсэг ажиллаж, зохиолч, уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, гарын үсэгтэй худалдаа, хүүхдийн номын уншлага, шатрын тэмцээн, урлагийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулна.
Мөн уламжлал ёсоор “Мэргэн ном” цом гардуулахын зэрэгцээ номын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан зохиолч, уран бүтээлч, хэвлэн нийтлэгчдийг дэмжих “Улаанбаатар грант” олгоно. Энэ жилийн грантад дөрвөн бүтээл нэр дэвшиж байна.
Номын баярын нээлтийн ёслол 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12:00 цагт Сүхбаатарын талбайд эхэлнэ.
Номын баярыг анх 2007 онд санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2012 онд “Номын баярын өдөр” болгон тэмдэглэх болсон. 2021 онд хуульчилж, жил бүрийн 5, 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг орон даяар тэмдэглэх болсон бөгөөд 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна.