“Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хан-Уул дүүргийн Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

“Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хан-Уул дүүргийн Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Орон даяар өрнөж буй “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хан-Уул дүүргийн Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2026.09.18/ Төрийн ордонд боллоо.

Тус зөвлөгөөнд Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга Б.Түвшин, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн З.Нарантуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Зөвлөгөөнийг нээж Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Монгол Улсын экспортын 96 хувь түүхийгээр гарч, импортын 90 хувь нь эцсийн бэлэн бүтээгдэхүүн байна. Монгол Улс Үндсэн хуульдаа ардчилал, чөлөөт зах зээлийг тунхагласан. Гэтэл ардчиллын 36 жилийн дараа авлигад идэгдэж урагшлах боломжгүй болсон байна. Эрх баригчдын завхрал, засаглалын ялзралын гэрч бүгдээрээ болж байна. Монгол Улс энэ жил түүхэндээ байгаагүй 20 орчим тэрбум ам.долларын экспортын орлого олсон. Гэтэл иргэдийн бодит орлого огцом буурсаар байна. Тиймээс засаглал, улс төрийн хүчний өөрчлөлт хийх шаардлага ардчилагчид бидэнд тулгарч байна. “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн бол ардчиллын дараагийн давлагаа. Үүнийг манлайлан хэрэгжүүлэх түүхэн үүрэг, ирээдүйн боломж бидний өмнө байна” хэмээн ярилаа.

Дараа нь УИХ-ын гишүүн, Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга Б.Түвшин дүүргийн нийт удирдах ажилтнууддаа амжилт хүсээд "орон даяар өрнөж буй “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнд Хан-Уул дүүрэг манлайлалтай ажиллана. Бүх айл өрхөөр орно. Дүүргийнхээ бүх гишүүд дэмжигчид иргэдийн санаа бодлыг нь сонсоно" хэмээн онцоллоо.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “УИХ-ын гишүүн Б.Түвшинтэйгээ хамт та бид цугтаа илүү хүчтэй байна. Ер нь Үндэсний аян үр дүн өндөр байгаасай гэж бодож байгаа. Хан-Уул дүүрэг бол Монголын хамгийн олон сонгогчтой дүүрэг. Мөн хамгийн ардчилсан дүүрэг болох бүрэн боломжтой. Учир нь их бүтээдэг, хамгийн үр дүнтэй ажилладаг. Хүн амын бүтцээр авч үзсэн ч арай өөр байдаг. Ардчилалтай хамт төрж өссөн. Ардчиллыг хамгаалдаг, ардчилалгүйгээр цааш юу ч байхгүй гэдэгт бүрэн итгэдэг ийм хүмүүс байдаг. Тиймээс ардчилсан Хан-Уул дүүргийнхэндээ амжилт хүсье” хэмээв.

Уг зөвлөгөөний үеэр намд шинээр элссэн гишүүдэд “Ардчиллын гэрэгэ”-г гардууллаа.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд