МОНГОЛ, АВСТРАЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ УУЛ УУРХАЙ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ӨРГӨЖҮҮЛНЭ

МОНГОЛ, АВСТРАЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ УУЛ УУРХАЙ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ӨРГӨЖҮҮЛНЭ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Австралийн Элчин сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Лалита Капуртай уулзаж, уул уурхай, геологи, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн чадавх болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд АҮЭБ-ын Сайд Г.Дамдинням Австралийн талын төлөөлөгчид “Mining Week & MinePro 2026” олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцсонд талархал илэрхийлэв. Тус арга хэмжээ нь Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцоллоо.

Талууд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрх зүйн болон татварын тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчидтай үүссэн асуудлыг харилцан ойлголцол, хэлэлцээний замаар шийдвэрлэхийн ач холбогдлыг онцлов.

Мөн уул уурхайн урт хугацааны стратеги боловсруулах, салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, Австралид богино болон ахисан түвшний сургалтад хамруулах, техникийн туслалцаа, судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.

Австралийн тал геологи, хайгуул, уул уурхайн бодлого, хөрөнгө оруулалтын чиглэлээр техникийн дэмжлэг үзүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Талууд Монгол, Австралийн 55 жилийн харилцаанд тулгуурлан уул уурхай, геологи, хөрөнгө оруулалт, боловсрол, хүний нөөцийн чиглэлээр хамтын ажиллагааг бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэхээр санал нэгдэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд