О.Номинчимэг: УИХ-ын Өргөдлийн байнгын хороо намрын чуулгандаа бэлдэж ажиллаж байна

О.Номинчимэг: УИХ-ын Өргөдлийн байнгын хороо намрын чуулгандаа бэлдэж ажиллаж байна

Хуваалцах Жиргэх

Улсын Их хурлын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгтэй уулзаж ярилцлаа.

- Шинэ тогтолцоогоор үүссэн анхны 126 гишүүнтэй парламент анх удаа Өргөдөл гомдлын байнгын хороогоо дахин шинээр байгууллаа. Таны ахалж буй энэ Байнгын хороо ямархуу бүтэц, чиг үүрэгтэй ажиллах вэ?

- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Улсын Их Хурлаас тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг бүтцээ шинэчлэн баталсан. Энэ хүрээнд Улсын Их Хурал найман Байнгын хороотой боллоо. Тэдгээрийн нэг нь манай Өргөдлийн байнгын хороог сэргээн байгуулсан. Өргөдлийн байнгын хороо анх 2012 онд байгуулагдаж, хоёр парламентын хугацаанд үйл ажиллагаа явуулсан түүхтэй юм. Харин 2020 онд Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт ороход тус Байнгын хороог татан буулгасан бол сая 2025 онд дахин үүсгэн байгуулах шийдвэрт хүрсэн.

Ер нь ямар угшилтай газар вэ гэвэл манай бүх зүйл Үндсэн хуулиас эхтэй. Манай Үндсэн хуульд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрх тусгагдсан байдаг. Түүний нэг нь Монгол Улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж, шийдүүлэх эрхтэй. Төрийн байгууллага албан тушаалтан, иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Өргөдлийн байнгын хороо бол олон улсын парламентын бүтцэд байдаг. Гол зорилго нь иргэдийн дуу хоолойг парламентын үйл ажиллагаанд тусгах гүүр юм. Бусад Байнгын хороод бол дан бодлогын шинж чанартай үйл ажиллагаа явуулах үүрэгтэй байдаг. Иргэд, олон нийтийн санал хүсэлтийн дагуу парламентын гишүүд сонсож, арга хэмжээ авдаг байх ёстой гэдэг утгаар Өргөдлийн байнгын хороог байгуулсан. Манай Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хоёр гол чиг үүрэгтэй. Нэгдүгээрт, бид D-парламент гэдэг төсөл хэрэгжүүлээд цахимаар иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, тодорхой тоонд хүрсэн тохиолдолд Байнгын хороогоор хэлэлцэж, ажлын хэсэг байгуулдаг. Эсвэл чуулганаар авч хэлэлцэх зохицуулалтыг хэрэгжүүлнэ. 

Иргэдийн санал гомдлыг авч хэлэлцээд холбогдох Байнгын хороодтой хамтран шийдвэрлэх нь бидний чиг үүрэг. Хоёрдугаарт, Улсын Их Хурал, Байнгын хороо, дэд хороодод ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг судалж, шаардлагатай тохиолдолд тодорхой арга хэмжээ авах чиг үүрэгтэй. Мөн чиг үүргийн хувьд Өргөдлийн байнгын хороо шинж чанараасаа хамаараад  гүйцэтгэх засаглалын шийдвэр гаргалтад хариу өгсөн, хариу өгөх мэдээллийг авч ажиллах нь бий. Шаардлагатай тохиолдолд нээлттэй сонсгол явуулна. Тэгэхээр манай Байнгын хороо иргэдийн дуу хоолойг Улсын Их Хуралд сонсгож, уламжлах, эргэх холбоо үүсгэсэн бодлогын үйл ажиллагааг голчлон, холбох гүүр болж ажиллах юм. 

- Төрийн албаны бүх шатанд ажилласан туршлагатай гишүүний хувьд та тус Байнгын хороог ахлахдаа ямар зарчим баримтлах вэ?

- Улсын Их Хурал бол иргэдээсээ санал авч, сонгогддог төлөөллийн байгууллага. Тиймээс гишүүдэд тойргийн сонгогчдын санал хүсэлт маш их ирж байгаа. Өргөдлийн байнгын хороо бол яалт ч үгүй бодлогын асуудал буюу нийтийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа асуудалд төвлөрч ажиллах ёстой. Тухайлбал 100 мянган хүний гарын үсэг цугларахад тухайн асуудлыг хэрхэн хугацаа алдалгүй хэлэлцүүлэх, https://d.parliament.mn/-д цугларч буй асуудлыг яаж хэлэлцэх зэрэг асуудалд түлхүү төвлөрнө. Хоёрдугаарт, өргөдөл, гомдол бол янз бүрийн хэлбэртэй байж болно. Шинэ парламент байгуулагдсанаас хойш Тамгын газарт ирсэн өргөдөл, гомдлын агуулга, нөхцөл байдлыг бид судалж үзсэн. Энэ оны долдугаар сарын 22-ны өдрийн байдлаар иргэд, сонгогчдоос нийтдээ 1856 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг Улсын Их Хурлын дарга, гишүүдэд ирүүлсэн байсан. Энэ санал, хүсэлтийн дийлэнх буюу 70 орчим хувь нь нийслэлийн иргэд, сонгогчдоос, 25 хувь аймаг, сумдын сонгогчдоос ирүүлжээ. Улаанбаатар хотын тухайд газар олголт, Сууц өмчлөгчдийн холбоо, оршин суух зэрэг асуудлаар хандсан. Бүлэглэж үзвэл нийт өргөдлийн 17.5 хувь нь нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын асуудлыг хөнджээ. Түүнчлэн хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаан дахь шударга ёсны биелэлттэй холбоотой гомдол олноор ирж байгаа. Иргэд хот байгуулалт, хөдөө аж ахуй зэрэг салбарын асуудлаар бас өргөдөл, гомдол илгээсэн. Тэдгээр нь мэдээж гүйцэтгэх засаглалын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд илгээсэн гомдлоос өөр агуулгатай. Улсын Их Хурлын чиг үүрэг нь өөр, бодлогын шийдвэр гаргадаг, хууль тогтоох үйл ажиллагаа явуулдаг учраас хувь хүний асуудал яригдахгүй. Дандаа нийтийг хамарсан асуудал, ашиг сонирхлыг хөнддөг. 

- Танай байнгын хороо хэчнээн гишүүнтэй вэ. Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах өөр ямар суваг байгаа вэ?

- Байнгын хороо болон дэд хороонд бичгээр ирүүлэх санал, хүсэлтүүд бий. Энэ бол нээлттэй. Цахим парламентын платформууд ажиллаж байгаа. Цахим шуудан зэрэг хүнд ойрхон арга хэрэгслүүдийг бид ашиглах болно. Цаашид улам боловсронгуй болгоход анхаарч ажиллаад эхэлсэн. Манай байнгын хороо 25 гишүүнтэй. Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн бүх нам, эвслийн төлөөллийг оролцуулсан гишүүдээс шинэ Байнгын хороо маань бүрдсэн. Өргөдлийн байнгын хороо нэг салбар хариуцсан хороо биш. Бүх салбарын асуудлыг хамрах учраас бусад Байнгын хороотой нягт ажиллах ёстой гэдгээрээ онцлог юм.

- Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар ямар асуудлыг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна вэ?

- Байнгын хорооны хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг иргэдийн саналд тулгуурлан, тэдний оролцоотойгоор цуглуулж, шийдвэрлэх үйл явцыг илүү сайжруулах ёстой юм. Өмнөх удирдлагууд ч энэ талаар санаачилга гаргаад нээлттэй хэлэлцүүлэг явуулж ирсэн. Орж ирж байгаа асуудлыг харахаар санал гаргаад олон нийтээс дэмжлэг аваад 300 мянга хүрсэн, хүрээгүй олон санал бий. Эргээд энэ маань ямар түвшинд шийдвэрлэгдэж байна. Байнгын хороонд хэллээ. Байнгын хороо яамдад мэдэгдэнэ. Яамд ямар хариу өгч, ямар шийдэлд хүрэв гэх зэрэг эргэх холбоотойгоор тэр бүр очихгүй байгаа. Бид эхний ээлжинд үүнд сайжруулалт хийхээр ажиллаж байна.

-Танай парламентын хугацаанд стратеги төлөвлөгөө баталсан. Үүнд хүн төвтэй, хүнээ дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлнэ гэсэн. Танай байнгын хороо үүний нэг биелэл болж байна гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн гэдэг бол угаасаа бидний туйлын зорилго. Парламент өөрөө ард түмний төлөөлөл болохын хувьд иргэдийн дунд тулгамдаж байгаа асуудлыг сонсох нь номер нэг асуудал. Тиймээс парламент нээлттэй, сонгогч нартайгаа эргэх холбоотой ажиллаж, түүнийгээ үр дүнтэй шийдвэрлэх нь хүн төвтэй байхад маш ач холбогдолтой гэж үзэж байгаа. Өмнө нь УИХ-ын гишүүд, байнгын хороодод өргөдөл гомдол ирэхээр хэн нэгэн рүү цохож явуулдаг. Ингээд шийдвэрлэгддэггүй. Засгийн газар, нийслэл, аймгийн Засаг дарга руу цохдог дамжлагын процесстой болчихсон байсан. Шийдэл нь тодорхойгүй. Цохоод, цохоод живдэг бус үнэхээр системийн чанартай, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг УИХ анхааралдаа авч хянан шалгах үйл ажиллагаа явуулах. Холбогдох байгууллагаас нь мэдээлэл авах. Эсвэл хууль тогтоомжийг үүнд нийцүүлэн өөрчлөхөд хамгийн том гүүр нь болсон бүтэц нь байх зорилготой.

-Та өөрөө Япон, Англид сургууль төгссөн. Өргөдлийн байнгын хорооны талаарх хувь гишүүнийхээ хувьд хүсч буй зүйл тань биеллээ олоход хэр ойрхон байгаа вэ?

-Одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад нь зөвлөхөөр ажиллаж байсан. Энэ үед бол цахимаар өргөдөл, гомдол авах системийг Англи, Австралид ч Өргөдлийн байнгын хороо нь хариуцдаг. Түүн дээрээ хэлэлцээд цаашлаад байнгын хороо, Улсын Их Хурал хэлэлцээд бодлогын мэтгэлцээн явуулах уу, Засгийн газарт явуулаад хариуг нь авч өгөх үү гэдэг энэ шийдвэрээ гаргадаг. Манайх өмнө нь Өргөдлийн байнгын хороогүй учраас тус тус байнгын хороонууд нь хариуцаад явж байсан. Ер нь бол жигдрэх шинэчлэл байсан. Нээлттэй, цахимжсан, иргэдтэйгээ холбоотой байх гүүр нь цахим платформ. Үүнийг амилуулаад илүү үр дүнтэй болгох нь бидний үүрэг. Монгол Улсын иргэний хувьд өргөдөл гаргаад саналаа өгөөд үүнийг нь Улсын Их Хурал сонсоод боломжтойг шийднэ. Боломжгүйг нь мэтгэлцээн явуулаад нээлттэйгээр иргэддээ хэлдэг байх нь өөрөө бодлогын мөн чанар. Парламент, төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд ч нөлөөтэй гэж бодож байгаа.

-Тэдэн хүний санал ирсэн тохиолдолд гээд тоо заасан байдаг. Тухайн асуудлыг олонхын санал авсан гэдгээр нь авч хэлэлцэж байна уу?

-Хууль өөрөө нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар парламентад хүсэлтээ явуулж байгаа шүү дээ. Энэ бол хэрэгждэг зарчмаараа байгаа. Нэг саналыг тэр бүр авч хэлэлцэнэ гэвэл боломжгүй. Бид нөөц бололцоогоороо хамгийн үр ашигтай зүйлд зарцуулахын тулд хамгийн олон саналд чиглүүлж анхаарлаа хандуулна. Тэгэхээр үүнийг хуульчлаад, судалгаа явуулна. Цаг хугацаа болон нөөц бололцоо угаасаа хязгаарлагдмал байдаг. 100 мянган иргэн нэг саналтай байгаа тохиолдолд заавал байнгын хороогоороо хэлэлцдэг байя. 30 орчим мянга байвал ажлын хэсэг байгуулаад үүнийг нь судлаад мэдээлэл өгөх хууль гаргасан. Үүнийхээ дагуу л явна. Сүүлийн үед нийгмийн даатгал, татвартай холбоотой асуудал хүн бүрийн амьдралд хамаатай. Хүн бүр үүнд бухимдалтай байгаа. Тиймээс УИХ үүнд анхаарал хандуулж, ажиллахаас өөр арга байхгүй.

-Иргэдийн хувьд засаглалын хэлбэрээ ялгаж салгахгүйгээр, төрөөс гэдэг нэг нэршил өгөөд тэндээсээ нэхдэг, хүсдэг ойлголттой болчихсон. Их хурлын гишүүд бодлогын түвшиндээ шийдвэр гаргадаг гэдэг ойлголт цөөхөн, үүнээс болоод олон өргөдөл овоорчих вий дээ гэдэг хөндлөнгийн зүйл ажиглагдаж байсан л даа?

-УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хүлээж авах, хэлэлцэх, өргөдөл гомдлын хүрээ хязгаар нь юу байх вэ гэдгийг бид олон нийтдээ сайн таниулах ёстой байх. Гүйцэтгэх засаглал бол хүний эрхийг зөрчиж байна уу, үгүй юу гэдэг шийдвэрийг гаргадаг учраас 1111 төвөөр дамжуулаад олон өргөдөл ирдэг. Харин Өргөдлийн байнгын хороо бол нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар бодлогын чанартай холбоотой асуудалд төвлөрч байж, эсвэл системийн шинж чанартай хууль хэрэгжилтийн ажиллагаа явахгүй байгаа гэдэг өргөдлүүд байвал Засгийн газартайгаа, орон нутагтайгаа мэдээллийг авч байгаад засаж янзлах зүйл дээр бодлогын шийдвэр гаргана гэсэн үг. Чуулган эхлээд, гишүүд цуглаад байнгын хороон дээр үйл ажиллагаа эхлэх үед таниулах үйл ажиллагааг бид шинэ байнгын хорооны хувьд хийх ёстой.

-Таны хувьд сонгогдоод нэг жил болж байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулав. Ямар бэрхшээлтэй тулгарав?

-Цаг хугацаа их хурдан өнгөрсөн байна. 126 гишүүнтэй парламентын хувьд онцлогтой, шинэлэг, олон намын төлөөлөлтэй, тэр ч утгаараа асуудлыг олон талаас нь хэлэлцэх давуу талтай. Парламент бол засаглалын шинж чанаруудаа харвал гүйцэтгэх засаглалаасаа өөр шинж чанартай. Парламент өөрөө зөвшилцлийн талбар. Олон намын, олон нийтийг төлөөлсөн төлөөлөгч нар зөвшилцөл хийдэг. Харин гүйцэтгэх засаглал шийдвэр гаргадаг. Тэр утгаараа бид хүссэнээрээ яамдуудын сайд нар шиг асуудлаа шийднэ гэдэг шинж чанар байхгүй. Нэг жилийн хугацаанд хуульч хүний хувьд шийдэх асуудлууд нэлээд байсан. Ялангуяа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль, Иргэний эрхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулахын тулд системийн өөрчлөлт хийхгүй бол иргэдийн эрх зөрчигдөж байна уу, шударга ёс тогтож байна уу гэдэг асуудал тэнд очоод гацдаг. Шүүхэд итгэх итгэлд нөлөөлдөг хүчин зүйл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэл байдаг. Үүнийг шинэчлэх ажилд оролцъё гээд хууль маань өргөн баригдсан боловч гишүүн болсон нэг жилээ харахад төсвийг дөрвөн удаа баталлаа. Тэгэхээр бодлогын шинж чанартай асуудал руугаа яаж чиглүүлэх вэ гэдэгт Улсын Их Хурал нэлээд анхаарсан. Хувь гишүүний хувьд Улсын Их Хурлын даргын иргэн төвтэй хууль эрх зүйн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн ажлын хэсэг байгуулсан. Мөн тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байна. Энэ хууль өргөн баригдахад дөхөөд, бэлэн болсон байгаа. Мөн нийслэлд ажиллаж байсны хувьд Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуульд ажиллаад, дундын өмчлөлтэй холбоотой асуудлыг иж бүрнээр нь зохицуулсан хуулийн төслүүдийг боловсруулсан. Үүнийг мөн намрын чуулганаар оруулж хэлэлцүүлэх зорилготой байна. Энэ мэт өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон ажлын хэсэгт орж ажиллалаа.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд