Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

Хуваалцах Жиргэх

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.09.17) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, төслүүдэд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Н.Энхбаяр нар Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 15-ны нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс хоёр хоногийн завсарлага аваад байсан юм. Энэхүү завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан тус бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хуралдаж, Тэргүүн шадар сайд, Сангийн сайд нараас мэдээлэл авсан болон бүлгийн ажлын хэсэг ч мөн хуралдаж улсын төсвийн төслийн талаар ярилцсан тухай мэдээлж, ирэх таван жилийн төлөвлөлтийг төсвийн төсөлтэй хамтатган батлах шаардлагатайг онцолсон юм. Мөн төсвийн урсгал зардлыг бууруулах замаар алдагдлыг эрс багасгах боломж байгааг бүлгийн хуралдаанаас дүгнэснийг танилцуулж, төсвийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлын харьцаа 75:25 байгааг 70:30 болгох, хөрөнгө оруулалтыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах зэрэг олон санал гарсныг дурдав. Тэрбээр, төсвийн хэлэлцүүлгээ үргэлжлүүлээд, явцын дунд АН-ын бүлгээс зарчмын байр сууриудаа үе шат бүхэнд тодорхой илэрхийлээд явна гэдгийг мэдэгдэв.

Улсын Их Хурлын чуулганы өмнөх нэгдсэн хуралдаанд хийсэн танилцуулга, дүгнэлтүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүдээс хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж иргэд, сонгогчдоос төсвийн төсөлд өгч буй санал хэрхэн тусгагдсаныг асууж, тэтгэвэр, тэмтгэмжийн хэмжээг инфляцийн өсөлттэй уялдуулах шаардлагатай гэв. Мөн тэрбээр, АН-аас томилогдон ажилласан сайд нар, тэр дундаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажилласан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан руу дайралт хийж, түүний хэрэгжүүлсэн ажлыг үгүйсгэж, мушгих явдал байгааг шүүмжлэв. Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара олон нийтийг цочирдуулсан ноцтой гэмт хэргүүдийн тухай асуудлыг хөндөж, эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа харгис хэрцгий гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазын ял оноодог байх асуудлаар хуульч гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулахыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангаас хүслээ. Хууль хяналтын байгууллага, шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл маш дундуур байгааг Улсын Их Хурлын дарга онцолж, үүнд анхаарал хандуулахыг Улсын Их Хурлын хуульч гишүүдэд зөвлөв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Х.Жангабыл нар Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, “Боловсролыг дэмжих жил”-ийн зардал санхүүжилтийн асуудлуудыг хөндсөний зэрэгцээ Баян-Өлгий аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ болон орон нутгийн хөгжлийн сангийн зардал, санхүүжилтыг хассан үндэслэл, тооцооллын талаар асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд 2026-2028 онд эдийн засгийн өсөлт 6.0-6.5 хувиар тогтвортой өснө гэж тооцсон нь хэт өөдрөг байгааг анхааруулж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагааг хэрхэн тооцоолсон талаар асуусан юм. Мөн зардлыг салбаруудад хэр үр дүнтэй хуваарилсан, өрийн удирдлагыг хэрхэн оновчтой хэрэгжүүлэх, төрийн өмчит компаниудын эрсдлийг бүрэн тооцсон эсэх, хөрөнгө оруулах төсөл, арга хэмжээг эрэмбэлэхдээ ямар шалгуур, зарчим баримталсан, нийгмийн халамжийн тогтолцоонд бүтцийн шинэчлэлт хийхгүйгээр зардлыг бууруулах нь ямар хүндрэл дагуулж болох зэргийг асууж, хариулт авлаа. Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Учрал түүнд өгсөн хариултдаа, хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийг харьцангуй дэмжиж байгаа бол бол уул уурхайн салбарын өсөлт удааширч, дагаад тээвэр, худалдааны салбарууд агшиж буйг танилцуулан, жонш, зэсийн баяжмалаас бусад бүтээгдэхүүний олборлолт буурч буй ч эрэлт нь тогтвортой байгааг ярив. 2026 оны эдийн засгийн өсөлтийг салбар бүрээр нарийвчлан тооцож 5.7 хувь байхаар бодсон байна. Мөн “Оюутолгой” ХК-ийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл өсөх, баяжмал дахь алт, зэсийн агуулга нэмэгдэх хүлээлт байгааг Тэргүүн шадар сайд мэдээлэв. Засгийн газрын өрийн хэмжээ энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 35.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.1 хувьтай тэнцэж байгааг тэрбээр мэдээлж, өрийн дээд хязгаарыг 2026 онд ДНБ-ий 50 хувь, 2027-2028 онд 40.0 хувь байхаар тооцож буйг дурдлаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа төсөв дагуулж төсвийн хүрээгээ өөрчилдөг байдлыг зогсоохгүй бол 2027 оны төсвийн төслийг хэлэлцэх үед тусгай шаардлагуудаа хангаж чадахгүй хэмжээнд хүрэхээр байгааг анхаарууллаа. Энэ асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, П.Сайнзориг, Д.Энхтүвшин, О.Алтангэрэл нарын олон гишүүд удаа дараа хөндөж, төсвийг алдагдалгүй батлах, Төсвийн хүрээний мэдэгдлийг чанд баримтлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа энэ онд нүүрсний олборлолт 2024 оныхоос 11.0 хувиар буурчихаад байхад 2026 онд 90.0 сая тонноор нэмэгдүүлэн төлөвлөсөн нь бодит хэмжээ мөн эсэхийг тодруулаад, макро эдийн засгийн тооцоололд үндсэн хөрөнгийн өсөлтөд малын зүй бус хорогдол буурсан гэх үндэслэл тавьсан атлаа махны үнэ өссөн нь малын хорогдол нэмэгдсэнээс болсон гэх эсрэг тэсрэг, хоорондоо зөрчилдсөн тооцоолол хийж буй нь учир дутагдалтай байна гэсэн юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг баримталж ажиллахад цаашид анхаарахаа Тэргүүн шадар сайд илэрхийлээд, одоогийн байдлаар 56.0 сая тонн байгаа нүүрсний олборлолт, борлуулалтыг оны эцэс гэхэд 85.0 сая тоннд хүргэх зорилттой ажиллаж байгаагаа танилцуулав. Үүний тулд экспортыг дэмжих, хилийн боомтуудын үйл ажиллагаа, журам дүрмийг сайжруулах, мөн биржийн арилжаа, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх ажлуудыг хийнэ гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийг боловсруулахдаа санал авч байгаа боловч тусгахгүй байгааг шүүмжилж, тэтгэврийг инфляцийн өсөлттэй уялдуулан 10.0 хувиар нэмэх шаардлагатай гэснийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан мөн хөндөж, ирэх онд инфляцын түвшин 6.0 хувь байхаар тооцож буй ч өнөөдрийн байдлаар бодит зах зээл дээр өргөн хэрэглээний барааны үнэ 7.4-18.2 хувийн өсөлттэй байгааг танилцуулан, тэтгэврийг нэмэгдүүлэх асуудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир анхаарч ажиллах шаардлагатай байна гэсэн юм. Мөн тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхчүүдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан орон сууцны 30.0 тэрбум төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилгыг дэмжих талаар саналаа хэлэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат төсвийн төсөл дунд хугацааны төлөвлөгөөндөө уягдаагүй, жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө үгүйсгэсэн байгааг сануулж, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж буй энэ үед төсвийн ерөнхийлөн захирагчдын заримын төсөв нэмэгдэж төсөвлөгдсөн болон Эдийн засгийн хөгжлийн төв, Хархорин хотын захиргааны алба, Эрчим хүчний реформ, Шинэ хоршоо хөгжлийн нэгж зэрэг шинэ бүтцүүдэд төсөв хуваарилсныг шүүмжилсэн юм. Тэрбээр төсвийг алдагдалгүй батлах боломж, улсын өрийн хэмжээ, инфляцийн түвшин болон БНХАУ-ын таван жилийн төлөвлөгөөтэй хэрхэн уялдуулсан зэргийг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл төсвийн төслийг боловсруулахдаа хөгжлийн бодлогоо баримталж, Засгийн газрын хөтөлбөрийн тухайн жилийн үйл ажиллагааг санхүүжүүлэх ёстой атал улс төржиж байгааг шүүмжлээд, төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлснийг эргэн харах нь зүйтэй гэлээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар төсвийн орлого буурч, зардал өссөн байгаад дүн шинжилгээ хийж, татварын бааз суурь, боломжоо оновчтой, бодитой тооцох шаардлагатайг тэрбээр онцолж, нүүрсний экспортын хэмжээг багаар тооцоод илүү гарсан тохиолдолд нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжээ зорилтот бүлэг рүүгээ чиглүүлэх, халамжийн тогтолцоогоо оновчтой болгоход зарцуулах горимын санал дэвшүүлэв. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг тэтгэврийг нэмэх, багш нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх санхүүжилтийг олгодог ганц салбар болох уул уурхайн салбараа хөгжүүлж, геологийн судалгаа, эрэл хайгуулд хөрөнгө оруулах хэрэгцээ шаардлага байгааг онцлоод, ялангуяа газрын гүний дулааны судалгаанд анхаарал хандуулах шаардлагатайг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар төсвийн төслийг боловсруулахдаа нийгмийн нөлөөллийг хэрхэн тооцсон буюу төсвийг хэрэгжүүлсний үр дүнд ажил эрхлэлт хэрхэн нэмэгдэх, ажилгүйдэл яаж буурах талаар асуув. Мөн “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд төлөвлөсөн 198 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсний дараа анги дүүргэлт нь хэтэрчихээд байгаа сургуулиудын асуудлууд шийдэгдэх эсэх, цалин, урамшууллаа нэмэгдүүлэх багш нарын шаардлагыг хэрхэн шийдвэрлэх, тэдний цалин хөлсний бодлого, аргачлал, бүтцийг яаж шинэчлэх, зөрүү, ялгааг хэрхэн арилгах талаар асууж, хариулт авлаа. Энэ оны эцэс гэхэд нийт ажиллагсдын тоо 2.4 орчим хувиар нэмэгдэж, 1.4 сая болохоор байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулж, ажиллах хүчний оролцооны түвшин өмнөх оныхоос 0.5 хувиар өснө гэдгийг мэдээлэв. Хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлт огтлолцохгүй байгааг тэрбээр онцолсон бол Боловсролын сайд П.Наранбаяр 2026 оны төсвийн төсөлд тусгагдсан 198 төсөл, арга хэмжээний зэрэгцээгээр Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр 41 сургууль, цэцэрлэг нэмж барихаар ажиллаж байгаагаа танилцуулж, орон зай, цаг хугацаанаас шалтгаалан багш нарын цалин, нэмэгдлийн хэмжээ ихээхэн зөрүүтэй байгааг тайлбарласан юм. 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн гүйцэтгэлд суурилсан цалингийн системийн хүрээнд гүйцэтгэлийн үнэлгээний санхүүжилтэд 70.0 орчим тэрбум төгрөгийг сургууль, багш нарт хуваарилаад байгааг тэрбээр мэдээлж, 40.0 хүртэл хувийн цалингийн ялгаа гарсан байгааг харгалзан Болодвсролын яам гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын 50.0 хувийг үндсэн цалинд нь шингээж өгье гэсэн байр суурьтай байгааг илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэдгээ хэлж, 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан тус салбарын төсвийг ДНБ-ий 5.0 хувьд хүргэх боломжтой эсэхийг асууж, хариулт авлаа. Тэрбээр багш нарын цалинг нэмэгдүүлэх нь Монголын ирээдүйн төлөө хийж буй хөрөнгө оруулалт гэдгийг дурдаж, гүйцэтгэлийн үнэлгээг багш нарын дийлэнх олонх нь эсэргүүцэж байгаа гэдгийг онцлон, тус салбарын төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх Инчоны тунхаглалыг хэрэгжүүлж ажиллахыг сайд П.Наранбаярт зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар дунд шатны төрийн байгууллагуудын ажлын хариуцлагыг сайжруулах, төрийн албаны хууль бус томилгоог цэгцлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт хандан хэлж, 2024 оны Засгийн газрын санхүүгийн аудитаар төсвийн ерөнхийлөн захирагч нар 15.0 их наяд төгрөгийн алдаа дутагдал гаргасан нь илэрснийг сануулан, үүнд ямар хариуцлага тооцсоныг Засгийн газрын Хэрэг эрхлэхийн дарга С.Бямбацогтоос асуув. Мөн тэрбээр Баянхонгор, Өвөрхангай аймгийн дулааны станцууд, сургууль, цэцэрлэг, автозамын зарим төслүүд, тэдгээрийн зардал санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаж буй эсэхийг асууж тодрууллаа. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар төлөвлөсөн 1.3 их наяд төгрөгийн алдагдлыг хэрэглээнд бус үр ашигтай төсөл, хөтөлбөрт зарцуулж байгаа эсэх, төрийн өмчит компаниудын 22.8 их наядын гадаад, дотоод өр төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг асууж, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралаас хариулт авсан юм. Сайд хариулахдаа, эдийн засгийг тогтворжуулахад ашигладаг төсвийн тэнцэл гэх үзүүлэлтийг зөв үедээ ашиглаж чадаагүйгээс өнөөдрийн алдагдал гарч байна гээд, их орлоготой байх үедээ тэр хэрээрээ зарлага гаргаад байлгүй, эдийн засгаа хумьж, хуримтлал үүсгэх учиртай байсан гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Төсвийн төсөлд тусгагдсан 1.3 их наяд төгрөгийн алдагдлаар газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, 10 аймгийн дулааны станц гээд олон ажлуудыг хийнэ гэж тэрбээр хариулан, өнгөрсөн хугацаанд авсан 12-13 их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэрээ ашиглаж чадахгүй байгаад байж болохгүй гэж үзэж байгаагаа тайлбарлав.

Төсвийн гүйцэтгэлийг үр дүнтэй нь харьцуулсан харьцуулалт хангалтгүй байна гэсэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмж, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир уншиж, сүүлийн 10 жилд эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах чиглэлээр юу ч хийгээгүй, бизнесийн орон зайг тэлэх, татвар төлөгчдийн тоог нэмэх, бизнес эрхэлж байгаа хүмүүс чөлөөтэйгөөр аж ахуйгаа эрхлэх боломжийг бий болгоогүйг шүүмжилсэн юм. Тэрбээр төрийн өмчийн компаниудын эдийн засаг дахь оролцоо улам нэмэгдсээр байгааг жишээлж, Ковид19 цар  тахлын хаалттай үед буюу 2019 онд алтны олборлолт 21 тонн, 2020 онд 23 тонн хүрч байсан бол энэ онд одоогийн байдлаар найман тонн хүрэхгүй байгаа нь хувийн хэвшлийн компаниуд олборлосон алтаа улсад тушаахгүй, хууль бусаар хилээр гаргаж байгааг харуулж буй бөгөөд энэ нь бизнес дэх төрийн оролцоо, дарамт, татвар шимтгэл их байгаагийн илрэл гэдгийг ярилаа. Тэргүүн шадар сайд болон Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд нар түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа тухай мэдээлэв.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжилсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин төсвийн төлөвлөлт, цаглавар, бодлого болон эдийн засгийн мөчлөгийг хэрхэн уялдуулж, ямар үр дүн гаргахаар тооцож буйг болон төсвийн төлөвлөлтийг хийхдээ иргэд, олон нийтээс санал авах нь зөв боловч тодорхой хөгжил, чиг хандлагад чиглүүлэхийн тулд том зургаар харж шийдвэрлэх нь илүү оновчтойг дурдав. Мөн мөчлөгтэй болон мөчлөггүй үеийн төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ Төсвийн хүрээний мэдэгдлийг баримтлах нь зөв гэдгийг тэмдэглэж, тэнцвэржүүлсэн үнийн зөрүүг ямар эх үүсвэрээр нөхөхөөр тооцсон талаар асууж, хариулт авсан юм. Мөчлөг сөрсөн бодлогыг оновчтой хэрэгжүүлж, шалгуур үзүүлэлтүүд, тусгай шаардлагуудыг хангах нь чухал гэсэн түүний байр суурьтай санал нэг байгаагаа Тэргүүн шадар сайд Н.Учрал илэрхийлж, төсвийн хүрээний мэдэгдэлд батлагдсан тоонуудыг экспортын орлогод тулгуурлан тооцсон боловч уг орлого буурч 80 ам.доллароор тооцохоор бүхий л тоо хэмжээ дагаад буурч байгааг учирлан, ирэх жилээс төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чанд мөрдөөд явна гэлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чанд баримтлаагүйгээс эдийн засаг тэлж байх үед хумьж, хуримтлуулж чадаагүйгээс мөчлөг сөрсөн бодлого зөвхөн эдийн засаг агшсан үед хэрэгждэг, тэлсэн үед хэрэгждэггүй байдал бий болсон гэсэн тайлбарыг тэрбээр хийж, хуульд энэ үзүүлэлтүүдээ нэмж, зарлагаа салбар салбараар нь гаргаад явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Тэнцвэржүүлсэн үнийг дараалсан жилүүдийн дундаж үнээр гаргаж байгааг Тэргүүн шадар сайд мөн тайлбарлаж, төлөвлөж буй нүүрсний тэнцвэржүүлсэн үнээс Тогтворжуулалтын санд хуримтлал үүсэхгүй нөхцөл бий болоод байгааг дурдлаа. Харин зэсийн тэнцвэржүүлсэн үнээр тооцсон үр ашгаас Тогтворжуулалтын санд хуримтлал үүсгэх бололцоо бийг тэрбээр дурдав. Эдийн засгийн идэвхжил суларч, аж үйлдвэрийн орц материалын импорт бууран, нийт эрэлтийнх нь 60.0 хувийг бүрдүүлдэг өрхийн хэрэглээ дагаад хумигдсан энэ мөчлөгийг сөрж, өсөлтийг дэмжсэн төслүүдээ хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тухай тэрбээр танилцуулаад, үүнд газрын тос боловсруулах үйлдвэр, Эрлдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэргийг нэрлэв.

 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд