Б.Түвшин: Мянгат малчин гэж мянган малтай хүнийг биш мянган мал зардаг хүнийг хэлнэ

Б.Түвшин: Мянгат малчин гэж мянган малтай хүнийг биш мянган мал зардаг хүнийг хэлнэ

УИХ-ын чуулганы /2025.09.24/-ний өдрийн хуралдаанаар  Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

ХАА-н тухай хууль яалт ч үгүй маш чухал. Уг хуулийг барьж авсных асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэж харж байгаа. Манай улс ХАА-н орон, тэр дундаа нүүдлийн МАА-н орон. 

Нүүдлийн МАА бол монголчуудыг үйлдвэрлэгч гэдгийг харуулдаг. 

Энэ нь нэг талдаа соёл нөгөө талдаа бид юу хийж амьдардгийг харуулдаг. Гэтэл малчид маань улам багасаад байдаг. Үүний шалтгаан дээр биш шаардлага дээр нь ажиллаад байдаг. Малчид биологийн үйлдвэрлэл эрхэлж, байгаа 10 хонио 20, 20-оо 40 болгож байна. Гэтэл төрийн бүх бодлого малчдыг дэмжихгүй байхын төлөө мэт харагдаж байна. Дээлээ даадгийг нь сургууль аваад явчихна, дээврээ даадгийг нь цэрэгт аваад явчихна, хоёрхон хүн үлдчихнэ, 20 хонио хотод авчраад  борлуулъя гэхээр тээврийн зардалдаа хүрдэггүй. 

Улаанбаатарынхан бас гомдолтой. Дотоодын үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг хаяа дэлгүүрээсээ авах боломжгүй. Хаана ч олдохгүй. Фермерийн асар өндөр үнэтэй мах, эсвэл хагас боловсруулсныг захаас олж авдаг. Биологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа малчин хүнийг бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй зардаг үндсэн логистикийг нь бид босгох ёстой. Үүний дараа эрүүл байх, тоо толгойгоо барих асуудал яригдана. Малчдыг орлоготой болгосны дараа тэжээдэг болгох, үүлдэр угсаагаа сайжруулах эрүүл ахуйн асуудлууд яригдана шүү.

Дотоодын үйлдвэрийн аргаар боловсруулсан ялангуяа махан дээр суурилсан үндсэн тогтолцоог бий болгож байж үүний дараа дагавар, дайвар бүтээгдэхүүнүүд нь тасралтгүй үйлдвэрлэгдэн гарч байж ЖДҮ-үүд хөгжих боломжтой. 

Тэгэхлээр бодлого маань малчдад халамж өгөх гэдэг талаасаа биш, Малчдыг яаж байнгын орлоготой болгох вэ малчдыг яаж бизнесмен болгох вэ, Улаанбаатар хотынхныг яаж дотоодын боловсруулсан махаар тасралтгүй хангах вэ, улирлын шинж чанараас нь хэрхэн гаргах вэ, худалдан авалтын тогтолцоог хэрхэн хийхээс эхэлнэ. 

Өртгийн сүлжээ гэж яриад байх юм. 

Мянгат малчин гэж мянган малтай хүнийг биш мянган мал зардаг хүнийг хэлнэ. 

Энэ үндэсний тогтолцоог яаж хийх вэ? Энэ үндэсний тогтолцоог яаж бий болгох вэ.

Махаа экспортолъё гэж яриад байдаг. Өнөөдрийн ченжийн тогтолцоогоор, ченж нь ч үр ашиггүй. Хэдэн ч толгой мал гадаадад гаргасан үр өгөөжийг нь малчид хүртэхгүй. Хямдхан үнээр туурлаж аваад л хэн нэгний үйлдвэр дээр боловсруулаад л гаргачхаж байна. Үндэсний дотоодын сүлжээг бий болгоод үүнийгээ үнэ цэнтэй болгосны дараа нь экспортын асуудал ярина. Ингэж байж нүүдлийн МАА-г нүүдлийн чигээр нь хадгалах нүүдлийн өв соёлоо хадгална, биологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа малчдад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг зах зээл нь нээгдэнэ. Тэгэхээр хууль дээр энэ тогтолцоог яаж оруулсан бэ? 

Малчдаа цааш нь хөгжүүлэх, бизнесмен болгох, орлоготой болгох, нөгөөтэйгүүр Улаанбаатарчуудыг дотоодын үйлдвэрийн махаар тасралтгүй хангах, цэгүүдтэй болж хүнсээр хангах боломжийг энэ хуульд хэрхэн тусгасан бэ?



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд