Чуулган: МУ-ыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна

Чуулган: МУ-ыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна

Хуваалцах Жиргэх

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.13/ нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ удирдан 53.2 хувийн ирцтэйгээр эхлээд байна.

УИХ-аар өчигдөр /2025.11.12/ УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилж тогтоол баталсан бол УИХ-ын даргын үүргийн гүйцэтгэх тогтоол мөн баталсан.

Иймээс УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдах үүргийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд шилжүүллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ.

Тогтоолын төслийг Ерөнхий сайд Г.Занданшатар танилцууллаа.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл буюу төлөвлөлтийн тус баримт бичгийн төслийг урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан судалгаа, шинжилгээнд тулгуурлан, зорилго, зорилт нь хэмжигдэхүйц, шалгуур үзүүлэлт нь зорилгодоо нийцсэн, төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн байдлаар бүх талын оролцоог хангаж нийт 40 төсвийн ерөнхийлөн захирагчтай хамтран боловсруулалтыг хийжээ.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл нь “Шинэ итгэл-Эрс шинэтгэл”-д зорин “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүн, нийт 330 үр дүнг тодорхойлсон байна.

Эдгээр үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдтэй уялдуулж тодорхойлсон нь олон улсад хүлээсэн Монгол Улсын үүрэг амлалтыг биелүүлэх, нөгөө талаас уг баримт бичгийн боловсруулалтын чанарыг сайжруулахад чухал алхам болсон хэмээн төсөл санаачлагч үзсэн аж.

Бодлогын дээрх найман чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг тодорхойлж тусгасан байна. Тухайлбал, чанартай, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.813 оноонд хүргэх; хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэх; эх хэл, түүх, өв соёлоо дээдэлсэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлэн, эв нэгдлийг бататган үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг 55 хувьд хүргэхээр тусгажээ. Мөн эрүүл, аюулгүй амьдрах орчин, хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн эрүүл тогтвортой байдлыг бэхжүүлж, хүүхдийн хөгжил хамгааллыг шинэ шатанд гаргаж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг 20 хувиар өсгөхөөр; боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалахаар; анхдагч экосистемийн тэнцвэрийг хангаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, байгалийн нөөц баялгийн нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг дэмжин, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлж байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийг 59 оноонд хүргэхээр тус тус тооцсон байна.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлснээр авлигыг бууруулж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, цахим засаглалыг дэмжиж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болох; бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлэх; бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тэргүүлэх 50 орны нэг болох боломжтой хэмээн үзжээ.

Түүнчлэн Монгол Улсын хөгжилд оруулах шинжлэх ухаан, технологи, инновацын хувь нэмрийг дээшлүүлж, төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, Дэлхийн мэдлэгийн индексийг 52.4 оноонд хүргэнэ хэмээн тооцсон байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд