Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 2026 оны улсын төсөв батлагдсантай холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, МАН-ын даргын төлөөх зодоон, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхийг шаардсан багш, эмч, ахмадуудын жагсаал, цуглаан, ЗГ-ыг огцруулахыг шаардсан улстөрийн акц зэрэг олон галтай үйл явцын дундуур улсын төсөв цаг хугацаандаа амжиж батлагдлаа.
Улсын төсөв бол МУ-ын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөдөлгүүр.
УИХ-ын гишүүний үндсэн үүргийн дагуу миний бие УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нартай хамтран нийт 22 зарчмын зөрүүтэй санал гарган, холбогдох байнгын хороодоор хэлэлцүүллээ.
2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын үйл ажиллагаа эхэлсэн цагаас эрчим хүчний реформыг дэмжих бүлгийн нийт 103 гишүүн эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг дэмжиж байв. Энэ ч утгаараа уг салбар дахь улсын төсвийн хөрөнгө оруулалт өмнөх жилээс 49 тэрбумаар нэмэгдэж, салбарт зарцуулах нийт дүн 3,9 их наяд төгрөг болж нэмэгдсэнд би хувьдаа баяртай байна.
Төсвийг ач холбогдлоор нь эрэмбэлэх, эдийн засгийг солонгоруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагууд харамсалтай нь улсын төсөвт бодитойгоор төдийлөн тусгагдсангүй.
Сонгуульд ямар ч хамаагүй аргаар ялахын тулд эрх баригч МАН ард иргэдэд элдэв төрлийн популист амлат өгч, амлалтаа биелүүлэхийн тулд сонгуулийн дараах жилүүдэд улсын төсөвт дарамт болохуйц, бодит үр өгөөжгүй, бодлогогүй, үрэлгэн, данхар төсөв оруулж ирж батлуулдаг болжээ. Энэ удаагийн төсөв харамсалтай нь энэ муу жишгээсээ салж чадалгүй батлагдлаа.
Тухайлбал данхар төрийг улам томруулж буй 2,1 их наяд төгрөгийн татаас, 791 тэрбумын элдэв төрлийн төрийн дэмжлэг, 2,6 их наядын хавтгайрсан халамж, 3,5 их наядын “Шинэ хоршоо”, “Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөн”, “Атрын 4-р аян”, “Цагаан алт” гэх мэт гоё нэртэй ноосны, ноолуурын, сүүний гэх мэт урамшууллын хөтөлбөрүүд шинээр болон үргэлжилж хэрэгжихээр боллоо.
Тиймээс эдгээр төсөл, хөтөлбөрийн зарцуулалтад хяналт тавьж ажиллах болно.
Төсвийн анхдугаар хэлэлцүүлгээр иргэд, олон нийт эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх саналыг илэрхийлсэн нь тодорхой үр дүнд хүрлээ. 2026 оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, тус салбарт ажиллагсдын цалин, ахмадын тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэхдээ урсгал зардлынхаа хэмжээг хэвээр хадгалж шийдвэрлэлээ. Манай улс төсвийн орлогынхоо 90 хүртэлх хувийг татвараар бүрдүүлж буй нь аж ахуйн нэгжүүд болон иргэдийн нуруун дээр ирж буй татварын дарамт нэмэгдэж байгаагийн илрэл. Тиймээс татвартай холбоотой шинэчлэл, хуулийн төслүүдийг ЗГ яаравчлан Улсын Их Хуралд оруулж, ажил хэрэгч хандах шаардлагатай байна.
2030 он хүртэл ЭЗ-ийг хөгжүүлэх ЗГ-ын таван чиглэлийн нэг нь “Эрчим хүчний системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангана” гэжээ. Яг одоогийн байдлаар Эрчим хүчний реформыг хэрхэн үргэлжлүүлэх талаар ЗГ-ын авч хэрэгжүүлэх бодлого тодорхойгүй байна. Эрчим хүчний реформыг дэмжих бүлгийн гишүүд салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр сууриндаа одоо ч хэвээрээ байгаа нь энэ удаагийн улсын төсөв батлах явцад батлагдлаа. 2026 оны эрчим хүчний салбарын нийт хөрөнгө оруулалт 3,9 их наяд. Үүнд:
Улсын төсвийн хөрөнгө оруулалт-347 тэрбум
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 2,6 их наяд
ЗГ-ын бонд 150 тэрбум
Төр хувийн хэвшлийн түншлэл-352 тэрбум
Гадаадын зээл, тусламж-522 тэрбум
Эрх баригч МАН-ын сонгуульд ялахын тулд иргэдэд өгсөн элдэв төрлийн популист амлалтууд нь сонгуулийн дараагийн жилүүдэд улсын төсөвт дарамт болдог нь нууц биш. Тухайлбал Шинэ хоршоо хөдөлгөөн, ХАА, хүнсний хувьсгал нэртэй олон төрлийн урамшуулал, дэмжлэг, ашиггүй үйл ажиллагаа явуулж буй ТӨК-уудын татаасууд, хавтгайрсан халамжийн бодлого нь жил бүр улсын төсөвт үлэмж хэмжээний дарамтыг бий болгож байна. Тиймээс улсын төсвийг сонгуулийн популист амлалтуудаас чөлөөлж, чөлөөт зах зээлийн зарчимд нийцүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нартай хамтран нийт 22 зарчмын зөрүүтэй санал гаргаж, Байнгын хороод болон Нэгдсэн чуулганаар хэлэлцүүлснээс 8 нь тодорхой дүнгээр дэмжигдэв.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нартай хамтран гаргасан шаардлагагүй зардлуудыг хасах саналуудаас нийт 8 санал тодорхой дүнгээр дэмжигдэж, нийт 67 тэрбум төгрөгийг хасуулж чадлаа. Цаашид иргэдийнхээ бодит амьдралд эерэг үр нөлөө үзүүлж, ард, иргэдийн худалдан авах чадварыг сайжруулахад чиглэсэн төсвийн төсөл оруулж ирэхийг ЗГ-с шаардан ажиллах болно.
Төсвийг алдагдалгүй батлах, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг олгох зорилгоор үрэлгэн, чөлөөт зах зээлийн зарчимд нийцэхгүй байгаа хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалтыг бууруулах саналыг УИХ, Төсвийн байнгын хороо, Төсвийн ажлын хэсэг агуулгын хувьд дэмжив. Харамсалтай нь бидний ихэнх зарчмын зөрүүтэй саналууд холбогдох байнгын хороодын хурлаар дэмжигдсэнгүй.
Бидний гаргасан зарчмын зөрүүтэй нийт 22 саналд улсын төсвөөс 1,2 их наяд төгрөг хэмнэх боломжтой гэж туссан бөгөөд үүгээрээ багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх боломжтой талаар байр сууриа илэрхийлж байв. Ямар ч гэсэн тодорхой амжилтад хүрч төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 13 хүртэл хувиар бууруулж, багшийн цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлыг УИХ-ын чуулганаар шийдвэрлэв. Гэвч 78,8 их наядын өмчтэй 100 гаруй ТӨК-уудын алдагдлыг багасгаж, ашиггүй ажиллаж буй ТӨК-уудыг хувьчилж, төрийн оролцоог бууруулж, төрийг цомхон болгохгүй бол асуудал углуургаараа шийдэгдэхгүй. Бусад төрийн албан хаагчид цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг ЗГ-т тавиад эхэлж байна. Манай улсын эдийн засаг бүтээмжид суурилаагүй тул багш, эмч, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл нь өргөн хэрэглээний барааны үнийг нэмэгдүүлж, инфляцийг өдөөж, иргэдийн худалдан авах чадварыг бууруулах сөрөг эффект үзүүлж болзошгүй байна.
Төр жижиг, хувийн хэвшил том байх ёстой. Гэтэл хувийн хэвшил хийж чадах ажлуудыг төр хариуцан хийж байгаа нь төр данхайж, хувийн хэвшил жижигрэх үндсэн шалтгаан болж байна. Духаа мөргөлдүүлсэн хөшөө, Монголоор дүүрэн үзэмжгүй, гоо зүйгүй олон мянган хөшөө, аймаг, сум бүрийн элдэв гоё хаалганууд нь манай улсын төсвийн үргүй зардлын тод жишээнүүд. ХХНББХ-ны хурлаар аялал жуулчлал, спортын цогцолборын барилгууд шинээр барих, нэг удаагийн тэмгэмж, мөнгөн урамшуулал гэсэн зардлуудыг хасах тухай бидний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэж дэмжив. Харин Төсвийн байнгын хорооны хурлаар дэмжигдээгүй ч нийт 6,8 тэрбумыг хасахаар эцэслэн шийдвэрлэгдэв.
Нэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд шинээр барих барилга байгууламж, төсөл, хөтөлбөрүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж оруулж ирэх шаардлагыг ЗГ-т тавьж ажиллалаа. Энэ хүрээнд нэн шаардлагагүй бол зарим төсөл хөтөлбөрийг энэ удаа түр хасах шаардлагатай талаар зарчмын зөрүүтэй санал гаргав. Үүний нэг нь Шинэ ховд үйлдвэрлэл технологийн паркийн арьс, шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж, цахилгаан хангамж, гол шугам сүлжээний ажилд зарцуулах 3,9 тэрбумын зардал.
Төрийн мэдээлэлд ойр, танил талтай, арын хаалгатай хүмүүс л элдэв төрлийн татаас нэртэй хөрөнгө оруулалтаас хүртдэг нь нууц биш. Монгол улс жилдээ 2,1 их наяд төгрөгийг элдэв төрлийн татааст зарцуулж байгаагийн 56 тэрбум нь хувийн хэвшилд олгох татаас. Тиймээс үүнийг хасах тухай саналыг хэлэлцүүлж бүрэн дэмжигдээгүй ч аялал жуулчлалын чиглэлийн хувийн хэвшлийн байгууллагад олгох татаасыг 8 тэрбум төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэв. Аялал жуулчлалын салбар бол төрийн оролцоогүйгээр хөгжих бүрэн боломжтой салбар.
Баруун төвийн үзэл баримтлалтай улстөрийн намууд нь төрийн оролцоог бууруулж, элдэв төрлийн татаас, урамшууллын хөтөлбөр, дэмжлэгүүдээс татгалздаг. АН бол баруун төвийн нам. Тиймээс АН-ын гишүүд намын үзэл баримтлалаа дагах зайлшгүй үүрэгтэй. Иймд миний бие 2026 оны төсвийн төсөлд сүүний, ноосны, хүнсний ногооны гэх мэт урамшууллууд, шинэ хоршоо, хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн зэрэг элдэв гоё нэртэй төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах нийт 704 тэрбумыг хасах саналыг 2 гишүүний хамт гаргав. Хэдий бүрэн дэмжигдээгүй ч 22 тэрбумыг хасахаар эцэслэн шийдвэрлэв. Манай улс өмнө ЖДҮДС, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан гэх мэт олон төрлийн сангуудаар дамжуулж ААН-үүдэд зээл олгож, дэмжлэг үзүүлж байв. Харамсалтай нь эдгээр сангууд нь төсвийн мөнгийг үргүй зарцуулж, цөөн хэдэн танил талтай, арын хаалгатай хүмүүст олгогдож, төсвийн хулгайнууд нь илчлэгдэж байв гэлээ.