Иргэн П нь 13 настай Э-тэй бэлгийн харьцаанд орж, түүний найз 14 настай О нарын биеийг үнэлүүлсэн хэрэгт 17 жилийн ял оноолоо

Иргэн П нь 13 настай Э-тэй бэлгийн харьцаанд орж, түүний найз 14 настай О нарын биеийг үнэлүүлсэн хэрэгт 17 жилийн ял оноолоо

Хуваалцах Жиргэх

П нь 13 настай Э-тэй бэлгийн харьцаанд орсон, мөн Э болон түүний найз 14 настай О нарыг орон гэрээсээ дайжсан, мөнгө санхүүгийн хэрэгцээтэй эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлж, мөнгө олох санал тавьж, тэднийг зөвшөөрсний дагуу цахим орчинд “Санхүү авна” гэх зар байршуулан тээврийн хэрэгслээр тээвэрлэн биеийг үнэлүүлсэн, мөн гэртээ орогнуулж, хоёр хүүхдийг худалдаалсан буюу хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх П-г хохирогчийг хүүхэд гэдгийг мэдсээр байж эмзэг байдлыг нь далимдуулж элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан гэмт хэргийг хоёр хүнийг худалдаалж үйлдсэн, мөн бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 17 жилийн хугацаагаар хорих ял шийтгэжээ.

П-ийн өмгөөлөгч нараас “Хүн худалдаалах гэмт хэргийн нэг шинж болох бэлгийн мөлжлөг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд заасан бэлгийн мөлжлөг гэмт хэргийн төсөөтэй болон ялгаатай шинжүүдийг өрсөлдөх хэм хэмжээний онцлогоор ялган зааглаж, хэргийг зөв зүйлчлээгүй” хэмээн маргав.

Хяналтын шатны шүүх хэргийн үйл баримт нотлогдсон, хоёр шатны шүүх хуулийг зөв тайлбарласан гэж үзэж, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд хүн худалдаалах гэмт хэргийн шинж, зүйлчлэлийн талаар дараах дүгнэлтийг хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон Олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж тус тус заасан.

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Конвенцын нэмэлт болох Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай протоколын 3 дугаар зүйлд “Хүн худалдаалах” гэмт хэргийн шинжид хүнийг аливаа хэлбэрээр мөлжих зорилгод суурилсан элсүүлэх, тээвэрлэх, дамжуулах, орогнуулах, хүлээж авах үйлдлүүдийг хамааруулан тодорхойлсон. Тус протоколын 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэгдэн орсон орнууд хүнийг бэлгийн болон бусад хэлбэрийн мөлжлөгт оруулах зорилгоор үйлдэгдэж буй аливаа гэмт үйлдлүүдийг таслан зогсоох, тэдгээрийн эсрэг үр дүнтэй тэмцэхийн тулд хууль тогтоомжийн болон бусад шаардагдах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй.

Монгол Улс дээрх Конвенц, протоколд нэгдэн орсон орны хувьд олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангид хүн худалдаалах гэмт үйлдлийн хэд хэдэн төрлүүдийг хуульчлан тодорхойлсон бөгөөд тэдгээрийг ялган зүйлчлэх асуудлыг системчлэн тайлбарлах (хэм хэмжээний бүтцийн нэгдмэл, уялдаатай байдлыг хангах) замаар шийдвэрлэх шаардлага үүснэ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан хүн худалдаалах болон 12.3 дугаар зүйлд заасан хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор бэлгийн мөлжлөгт оруулах гэмт хэргүүд нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлыг зөрчиж, хохирогчийн бие махбодыг ашиглан мөлжлөгт оруулах зорилгоор үйлдэгддэг, хоорондоо харилцан уялдаатай гэмт үйлдлүүд юм. Харин хууль тогтоогчоос бэлгийн мөлжлөгийг бие даасан гэмт хэрэгт тооцож, объектив шинжийг нь тодорхойлохдоо хохирогчийн зорчих эрх хязгаарлагдсан эсэхийг нэг шалгуур болгосон нь Монгол Улсад энэ төрлийн гэмт явдлын нийтлэг илрэх хэлбэр, онцлогийг тусгажээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлд бусдын биеийг үнэлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан бол бие даасан гэмт хэрэгт тооцсон.

Үүнээс үзэхэд Монгол Улсын Эрүүгийн хуульд хүний биеийг үнэлүүлж бэлгийн мөлжлөгт оруулах гэмт явдлын эсрэг чиглэсэн үйлдлийн шинж, онцлог, аргаараа ялгаатай бие даасан гурван гэмт хэргийг хуульчилсан байна.

Эдгээр гэмт хэргүүдийн шинжийг тодорхой тохиолдолд зөв ялган зүйлчлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирсон хариуцлагыг оногдуулахын тулд нэгдэн орсон Олон улсын гэрээний үзэл санааг алдагдуулахгүй байхын зэрэгцээ эрх зүйн онол, хууль тайлбарлах зарчмыг баримтлах учиртай.

Учир нь Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн Конвенцын хорин зургаадугаар зүйлээр хүчин төгөлдөр гэрээг оролцогч улс заавал биелүүлэх (Pacta sunt servanda) үүргийг хүлээсэн ба ийнхүү биелүүлээгүй явдлыг дотоодын хууль тогтоомж дахь зохицуулалт зөвтгөх шалтгаан болохгүйг мөн Конвенцын хорин долоодугаар зүйлд заасан тул Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ нь дотоодын хууль тогтоомжоос давамгайлах хүчинтэй, түүний дээд эрэмбийн эрх зүйн акт болдог.

Нэгэнт хууль тогтоогчоос хүний биеийг үнэлүүлж мөлжих замаар ашиг олох үйл ажиллагааг өөр өөрийн онцлог шинжээр ялгарах гурван бие даасан гэмт хэрэгт хуульчилсан тул шүүгдэгч болон хохирогч нарын харилцан хамаарал, харилцааны шинж чанар, хүсэл зоригийн эсрэг хүчээр тулгасан эсэх болон бусад холбогдох хэргийн бүхий л нөхцөл байдлуудыг харгалзан хамгийн оновчтой, нарийвчилсан хэм хэмжээг сонгон авч шийдвэрлэх нь зүйтэй. Нарийвчилсан зохицуулалт бүхий хэм хэмжээг ерөнхий зохицуулалттай хэм хэмжээнээс тэргүүн ээлжид хэрэглэхэд “lex specialis” зарчмыг баримталдаг ба энэ нь аливаа эрх зүйн хэм хэмжээний өрсөлдөөн, зөрчилдөөнийг даван туулахад баримталдаг үндсэн гурван зарчмын нэг юм.

Хэргийн тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч П-ийн үйлдлүүд нь насанд хүрээгүй хохирогч нарыг биеэ үнэлэхэд татан оролцуулсан, тээврийн хэрэгслээр хангасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлд заасан “Биеэ үнэлэхийг зохион байгуулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хууль тогтоогчоос биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэгт хүүхдийн биеийг үнэлүүлсэн, зохион байгуулсан бол хүн худалдаалах гэмт хэрэгт шилжин зүйлчлэгдэх агуулга бүхий “Энэ гэмт хэргийг үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлсэн бол энэ хуульд заасан хүн худалдаалах гэмт хэрэгт хамаарна” гэсэн хуульчилсан тайлбар хийжээ.

Хүүхдийн эрхийн тухай Конвенцын 1 дүгээр зүйл, мөн Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай Палермогийн протоколын 3 дугаар зүйлийн (d)-д тус тус зааснаар хүүхэд гэдэгт 18 нас хүрээгүй хүн бүрийг ойлгохоор заасан.

Хэрэгт авагдсан нас тоолсон тэмдэглэлүүдээр гэмт хэрэг үйлдэгдэх үед насанд хүрээгүй хохирогч Э нь 13 настай, О нь 14 настай байсан болох нь тогтоогдож байх тул 18 насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдан биеийг нь үнэлүүлсэн бол үйлдлийн аргаас үл хамааран хүн худалдаалах гэмт хэргийн шинжид хамаарна гэж заасантай нийцнэ.

 

Тоймыг бэлтгэсэн:  Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан /илтгэгч/



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд