Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн ураны том тоглогчдын нэг Оросын “РосАтом” Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээж, уран хайх, олборлох компаниа бүртгүүлэхээр УБЕГ-т хандсан байна.
Оросууд 1990 он хүртэл уран олборлож байгаад орхин гарсан, өөрсдийн хамгийн сайн мэдэх Дорнодын Мардайг ахин онилоод багагүй хугацаа өнгөрсөн. Монгол, Орос хоёр улсын Засгийн газар хоорондын ураны салбарт хамтрах 2008 оноос эхлэлтэй таван хэлэлцээр ийнхүү 17 жилийн дараа бодит ажил хэрэг болох гэж байна. Хоёр улс манай Ерөнхий сайдын 2008 оны айлчлалын үеэр ураны хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Улмаар Монголын “Мон-Атом” болон Оросын “Атомредметзолото” хамтран “Дорнод Уран” компани байгуулж, төслийн эхний хөрөнгө оруулалт нь 300 сая доллар байх, анхны жилдээ 2000 тонн уран олборлохоор тохиролцож байсан юм.
Оросын Ерөнхийлөгч 2010 онд Дорнодын ураны ордыг ашиглах хамтарсан компанийн тухай хуулийг баталж, хоёр улс цөмийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулжээ. “РосАтом” манай оронд бага оврын атомын цахилгаан станц барих тухай санамж бичигт 2023 онд гарын үсэг зурсан. Эх сурвалжийн мэдээлснээр оросууд Мардайд газрын дор уусган олборлох буюу Францын “Орано майнинг” компани Дорноговийн Улаанбадрахад ашиглахтай яг адил технолог хэрэглэх юм байна. Энэ технологоор 60 гаруй жил уран олборлоход байгаль орчинд хор хөнөөл учруулсан тохиолдол дэлхий дахинд гараагүй.
Оросуудын барьсан Эрдэнэт үйлдвэр 50 гаруй жилийн туршид зэс олборлохдоо өнөөдөр шүүмжлэлийн бай болоод байгаа уусган олборлох технологи ашигласаар ирсэн ч мал, амьтан, байгаль орчинд ямар нэг сөрөг үр дагавар үүсээгүй юм. Нүүрсний ирээдүй бүрхэг болж, үнэ нь унаж байгаа энэ үед эрэлт хэрэгцээ нь өсөж буй ногоон эрчим хүчний эх үүсвэр уран бол ашиг орлогын шинэ урсгал юм.