ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ

ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ

Хуваалцах Жиргэх

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.07/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд хуралдаан Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлангаар үргэлжилсэн.

Байнгын хорооны дарга энэ үеэр Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж, 6 жилийн хугацаагаар томилно гэж заасны дагуу Төсвийн байнгын хорооноос нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсныг дурдав.

Ингээд Төрийн аудитын тухай хуулийн 28.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд санал болгосон нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Сандагийн Магнайсүрэн нь 1975 онд төрсөн, 50 настай. 1983-1993 онд  Говь-Алтай 1 дүгээр 10 жилийн дунд сургууль, 1993-1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 1999-2000 онд Улсын Их Хурлын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2000-2005 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга,  2008-2013 онд  Улсын Их Хурлын Тамгын газарт Тамгын газрын Нарийн бичгийн дарга, 2015 онд Хөдөлмөрийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга,  2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2023 -2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан гэлээ.

Мөн эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд буюу Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил, 5 сар ажилласныг дурдахын зэрэгцээ Төрийн аудитын тухай хуулийн 28.2-т заасан 45 насанд хүрсэн, эдийн засаг, санхүү, эсвэл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх, төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх, сүүлийн 6 жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх, харшлах ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх шаардлагыг хангаж байна гэж үзэж Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулахаар нэр дэвшүүлснийг онцлон тэмдэглэв.

Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооноос өнөөдөр /дэлгэрэнгүйг эндээс/ зохион байгуулсан нэр дэвшигчийн сонсголын тайланг Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Г.Дамдинням танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын даргаас Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг Улсын Их Хуралд санал болгосон. Төсвийн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай,  Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулсныг дурдав.

Мөн Төсвийн байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 8 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахаар товлож, 14 хоногийн хугацаанд сонсголд оролцогчдыг бүртгэх болон нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаар саналыг хүлээн авахаар сонсголын зарыг олон нийтэд хүргэсэн. Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг миний бие даргалж, сонсголд Төсвийн байнгын хорооны гишүүд, нэр дэвшигч С.Магнайсүрэн, зарын дагуу бүртгүүлсэн зургаан оролцогч, хоёр ажиглагч иргэн оролцсон. Түүнчлэн нэр дэвшигчийн сонсголыг даргалагч нэр дэвшигчийн талаар болон нэр дэвшигч уг албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа тухайгаа танилцуулж дууссаны дараа оролцогчид, Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлсэн болно гэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигч С.Магнайсүрэнг тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан гэж үзэж, дэмжсэн гэдгийг Г.Дамдинням гишүүн танилцуулгадаа онцолж байлаа.

Нэр дэвшигчтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул  “Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд Сандагийн Магнайсүрэнг томилохыг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 18 гишүүнээс 18 нь буюу 100 хувиар дэмжив. Ингээд бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас Д.Загджавыг чөлөөлөхийг, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулахаар болов.

Дараа нь “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны 05 дугаар сард хэлэлцэх асуудлыг тусгасан Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй. Иймд төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн  52.6 хувь нь дэмжлээ.

 

Хуралдааны төгсгөлд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ.

Энэ талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр танилцуулав. Тэрбээр Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т “хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлан, мэдээлэл ирүүлэх, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулах, Засгийн газарт танилцуулах” хэмээн заасныг үндэслэн хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн 2024 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг танилцуулав.

Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд ирүүлсэн хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайланд үндэслэн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийсэн бөгөөд “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 6.3-т заасан аргачлалыг баримталсан хэмээн тодотгож байлаа.

Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд Монгол Улсын хуулийн 89, Улсын Их Хурлын 104, Улсын Их Хурлын Байнгын хорооны 79, нийт 272 шийдвэрийн 1550 заалт бүртгэлтэй байгаа бөгөөд хэрэгжилт 66.4 хувьтай байгааг Э.Одбаяр сайд танилцуулсан. Энэ нь өмнөх оныхоос 3.8 хувийн өсөлттэй үзүүлэлт гэдгийг тайлбарлав. Үүнээс Төсвийн байнгын хорооны гаргасан нэг тогтоолоор үүрэг, чиглэл болгосон 28 заалтын хэрэгжилт дунджаар 82.5 хувь буюу хэрэгжих шатанд байна гэж дүгнэгдсэнийг онцолсон.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Улсын Их Хурал баталсан хууль тогтоол, шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй дүнтэй байгаад анхаарч, тусгайлан ажлын хэсгийн байгуулж асуудалд ажил хэрэгч, ул суурьтай хандах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайланг бичгээр ирүүлээгүй, гишүүдэд танилцах хугацаа байхгүй байгаа тул хэлэлцэх асуудлыг хойшлуулах горимын санал гаргалаа. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд