Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ЫН ТӨСӨЛ, ГЭР БҮЛИЙН ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын төсөл, гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн гол үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлага, гэр бүл, хүүхдийн шүүх байгуулагдсантай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг онцлон дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эцэг, эхийн хариуцлагыг сайжруулах, эцэг, эх нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ гэрлэлт дуусгавар болсон эсэхээс үл хамааран биелүүлэх үүрэгтэй байдлаар хүүхдийн эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах, өнөөгийн нийгэмд шинэ тутам бий болж буй харилцаа болох гэрлэлттэй адилтгах харилцаа буюу хамтран амьдрагч, нөхөн үржихүйн аргаар хүүхэдтэй болоход хүүхдийн эцэг, эхээр хэнийг бүртгэх, хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, хүүхдийн хуваарьт хөрөнгийг хэрхэн зарцуулах зэрэг асуудлыг тусгасан талаар, гэр бүл, хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох асуудлын хувьд гэр бүлийн хэрэг (гэрлэлт цуцлалт, хүүхдийн тэтгэлэг зэрэг) шүүхэд хянан шийдвэрлэх талаарх хуулийн төслийг боловсруулсан талаар тус яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Оюунзул танилцууллаа.
Мөн өсвөр насны хүн буюу гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүүхдийн холбогдсон эрүү, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах зохицуулалтыг холбогдох эрүү, зөрчлийн процессын хуульд тусгасан талаар Дотоод Хэргийн Их Сургуулийн багш Б.Эрдэнэбат танилцуулав.
Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 1.6.52-д Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр үүрэг болгосны дагуу Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын төсөл, Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх байгуулсантай холбогдуулан эрүү, иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомжид холбогдох зохицуулалтыг тусгах замаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ийнхүү тус тус боловсруулаад буй юм.
Хэлэлцүүлэгт Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Эдийн засаг, хөгжлийн яам, Хот, байгуулалт, орон сууцжуулалтын яам, Боловролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Отгонтэнгэр их сургууль болон бусад төрийн байгууллагын төлөөлөл, хуульч, өмгөөлөгч, судлаач, иргэд оролцлоо.
Хуулийн төсөлд санал авахаар Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд эдгээр хуулийн төсөл, холбогдох судалгааг байршуулаад байна.