Иран: Баллистик пуужингийн түлшийг буруу хадгалснаас дэлбэрэлт болсон

Иран: Баллистик пуужингийн түлшийг буруу хадгалснаас дэлбэрэлт болсон

Хуваалцах Жиргэх

Ираны өмнөд хэсгийн Бандар Аббас хот дахь Шахид Ражаи боомтод чингэлэгт хадгалж байсан химийн бодис дэлбэрсэн хэрэг Бямба гаригт гарсан билээ. Дэлбэрэлтийн улмаас нас барагсдын тоо 40, шархдаж гэмтэгсдийн тоо 1000 давжээ. Шархадсан хүмүүст цусаа бэлэглэхээр иргэд эмнэлэгт сайн дураараа хандацгааж байна.

Нэг өдөр өнгөрсөн ч гал улалзаж, химийн хорт бодис бүхий өтгөн хар үүл манан тогтсон хэвээр. Ираны Эрүүл мэндийн яамнаас тухайн бүс нутгийн оршин суугчдыг аль болох гэртээ байж, хамгаалалтын хувцас өмсөхийг зөвлөжээ. Мөн бүх сургууль, албан байгууллага түр хугацаанд үүдээ бариад байна.

Дэлбэрэлтийн улмаас ойролцоох бүс нутаг даяар газар хөдлөлттэй адил чичиргээ мэдрэгдсэн бол өдгөө иргэдийн уур бухимдал улс орныг доргиож эхэлжээ.

Далайн эрсдэлийн зөвлөх "Ambrey Intelligence" байгууллагаас мэдээлэл өгөхдөө "Ираны баллистик пуужинд ашигладаг хатуу түлшийг буруу хадгалж, тээвэрлэсний уршгаар чингэлэг хооронд хүчтэй түймэр тархсан. Ираны далбаатай хөлөг онгоц өнгөрсөн сард натрийн перхлоратын пуужингийн түлшийг боомтод буулгасан" гэжээ. Натрийн перхлорат нь пуужингийн хатуу түлш үйлдвэрлэхэд ордог гол бодис гэдгийг Ираны Хувьсгалт гвардын корпусын ойрын эх сурвалж баталсан байна.

Хятадаас импортоор орж ирээд удаагүй байсан пуужингийн түлш тэдгээр чингэлэлт хадгалагдаж байсан гэх таамаглалыг зарим хүн дэвшүүлжээ.

Мэдээж эдгээр мэдэгдэл, таамаглалыг дагалдаад "Ийм их хэмжээний шатамхай материал яагаад боомт дээр хараа хяналтгүй байж байсан бэ" гэх асуудал үүсээд буй. Энэ бол Ираны дэглэмийн хувьд анхаарахгүй үлдээж боломгүй асуудал. Ерөнхийлөгч Масуд Пезешкьян дэлбэрэлтийн шалтгааныг тогтоох үүрэг даалгавар өгч, Дотоод хэргийн сайдаа илгээснээс гадна Ням гаригт өөрийн биеэр хэргийн газарт очжээ.

Пуужин, цэргийн зориулалтаар ашиглах ямар ч импорт, экспортын ачаа боомтод байгаагүй гэдгийг Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Реза Талаей Ник хэлжээ.

Шахид Ражаи боомт нь дангаараа Ираны импортын 80 хувийг хариуцдаг. Тиймээс дэлбэрэлт Ираны эдийн засагт ч сөргөөр нөлөөлөх магадлалтай. Хэсэг хугацаанд хүнсний хомсдол үүсч магадгүй гэдгийг эрх баригчид Бямба гаригт анхааруулжээ. Гэвч маргааш нь анхааруулгаа харьцангуй сулруулж, дэлбэрэлт боомтын тодорхой хэсэгт л нөлөөлнө гэж мэдэгдсэн байна.

Дашрамд дурдахад, ОХУ-аас Иран руу гал сөнөөгч онгоц хэд хэдийг илгээх болжээ. Тодруулбал, гал сөнөөгч "Beriev Be-200", цэргийн тээврийн "Ilyushin Il-76" онгоцнуудыг илгээжээ.

Iranian Red Crescent rescuers work following an explosion at the Shahid Rajaee port in Bandar Abbas

5477919

1745738624_kurdistan24

Explosion-en-el-puerto-de-Bandar-Abbas-en-Iran-Foto-Meysam-Mizradeh-Tasnim-News-Agency-CC-BY-4.0

gettyimages-2211662819

                                                                                                                                                                        ЭХ СУРВАЛЖ: BBC



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд