Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих уулзалт, семинар өнөөдөр /2026.07.02/ болж, дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн удирдлагууд оролцов. Тус семинар нь гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, иргэдийн гамшгийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээний чадавхыг сайжруулах, байгууллагуудын бэлэн байдлыг хангах чиглэлээр туршлага солилцсон арга хэмжээ боллоо.
Семинарын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр хэлсэн үгэндээ, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас дэлхийн хөгжиж буй хотуудын гамшигт тэсвэрлэх чадавхыг гурван жил тутам олон улсын үнэлгээний аргачлалаар дүгнэдэг. Улаанбаатар хотын гамшигт тэсвэрлэх чадавхын үнэлгээ 2018 онд 596 онооноос 292 (49.4 хувь), 2022 онд 295 (51.8 хувь), 2025 онд 298 оноо (52.7 хувь)-д хүрсэн нь ахиц гарч буй мэт харагдавч дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл, давтамж өсөн нэмэгдэж буй өнөө үед хангалтгүй байгааг онцлов. Мөн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийг даван туулах чадавх болон бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр нийслэл, дүүргийн зөвлөлүүд анхаарч ажиллаж байна гэв.
ОБЕГ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Улаанбаатар хотод улсын нийт хүн амын тал орчим хувь төвлөрч, хотжилт, хүн амын нягтаршил болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл улам бүр нэмэгдэж байна.
Нийслэлийн хүн амын 60 орчим хувь нь инженерийн дэд бүтэц хангалтгүй гэр хороололд амьдарч, үүний 90 гаруй хувь нь үерийн дунд болон өндөр эрсдэлтэй бүсэд оршин суудаг нь гамшгийн эрсдэлийг бүх шатны байгууллага, салбар хоорондын хамтын ажиллагаагаар бууруулах шаардлагатайг илэрхийлж байна. НҮБ-ын судалгаагаар гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулсан 1 ам.доллар нь гамшгийн дараах сэргээн босголтод зарцуулах 15 ам.долларын зардлыг хэмнэх боломжтой”-г дурдан, гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалт нь зардал бус, улс орны тогтвортой хөгжил, иргэдийн аюулгүй байдлын баталгаа юм гэлээ.
Семинарын үеэр гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр тодорхой ахиц гарч байгаа ч дараах асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатайг онцгой байдлын мэргэжилтнүүд онцолсон юм.
Үүнд:
- Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
- Эрсдэлийг бууруулах тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх;
- Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийн хүчитгэл, паспортжуулалтыг эрчимжүүлэх;
- Үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийг шинэчлэх, өргөтгөх;
- Эрт сэрэмжлүүлэх болон холбоо, мэдээллийн нэгдсэн системийг орчин үеийн түвшинд хүргэх;
- Иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, дадлыг дээшлүүлэх сургалт, арга зүйн төвүүдийг нийслэл болон дүүргүүдэд үе шаттайгаар нэмэгдүүлэх.
Эдгээр ажлыг эрчимжүүлснээр гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

