Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.05.08) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 79 гишүүн хүрэлцэн ирснээр 62.7 хувийн ирцтэйгээр 10.00 цагт эхэлж, таван асуудал хэлэлцэхээр танилцууллаа.
Нэгдэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ Бямба гарагт тохиож буйг тэмдэглэн хэлээд эл өдөр гэр бүлээрээ мод тарьж, байгаль дэлхийг хайрлах үйлсэд нэгдэхийг нийт гишүүд, Монгол Улсынхаа иргэддээ уриаллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 44 дүгээр зарлигаа 2025 оны 4 дүгээр сарын 03 өдөр гаргасан. Энэ зарлигт жил бүрийн 5, 9 дүгээр саруудын Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласныг С.Бямбацогт дарга дурдав. “Тавдугаар сар бол байгаль дэлхийгээ хамгаалах, эх дэлхийгээ хайрлах, мод тарих, газар тариалан эрхлэх гээд үйл ажиллагаа явагддаг онцлогтой сар. Эх дэлхий, эх орноо хайрлан, мод тарьж, ургуулах нь бүтээлч, хүнлэг соёл нь үр хойчдоо үлдээх хамгийн үнэт өв. Тэрбум мод тарих зарлигийн хүрээнд, энэ Бямба гарагт нийтээрээ, гэр бүлээрээ мод тарьж, байгаль дэлхийгээ хайрлах үйлсэд нэгдэхийг Улсын Их Хурлын гишүүд болон Монгол Улсын иргэддээ уриалж байна” хэмээгээд мод тарихын зэрэгцээ тарьсан модоо арчилж, ургуулах нь чухал байгааг онцолж хэлсэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасны дагуу С.Бямбацогт дарга дараах мэдээллийг танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдуулан боловсруулсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилсан байна.
Нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Эхлээд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 78 гишүүн дэмжиж, эцэслэн батлав. Дараа нь Улсын Их Хурлын 76 гишүүн дэмжсэнээр Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэнгүй. Хуулийн төслийг эцэслэн батлах саналыг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжээгүй учир төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцож, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нэгдсэн хуралдаанд тогтоолыг танилцууллаа.
Дараа нь Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 83 гишүүн дэмжин, батлав. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг эцэслэн батлах санал хураалт явуулахад нийт гишүүний олонх дэмжин баталсан юм.
Пүрэв гарагийн (2026.05.07) чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 92 гишүүний 71 нь дэмжсэнээр “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдав. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэгийг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр баталж буй уг тогтоолыг Улсын Их Хурлын дарга уншиж танилцууллаа.
Нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжлэв. Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх илтгэлийг Ерөнхий сайд Н.Учрал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан тус тус нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Ерөнхий сайд тулгуур гурван үндэслэлтэй төсвийн хүрээний мэдэгдэл танилцуулж буйгаа тэмдэглэв.
Бодит нөхцөл байдалд суурилсан, хөөсгүй төсвийн хүрээ гэдийг тэрбээр цохон тэмдэглээд “Эдийн засгийн хүндрэл, гадаад орчны эрсдэл, импортын инфляцын шок бодитоор нүүрлэж буйг харгалзан тооцсон. Тулсан бэрхийг туулж давах мөчлөг сөрсөн асуудал-шийдэл, арга хэмжээнүүд, импортыг идэвхжүүлж, худалдааны эргэлтийг сайжруулах шийдлүүдийг тусгасан” гэв. Удаад нь энэ удаагийн төсвийн хүрээний төсөл нь өсөлт, хөрөнгө оруулалтыг урамшуулсан болохыг тодотгоод “Гадаад валютын нөөц 7.3 тэрбум ам.долларт хүрсэн амжилтаа бататгах төлөвлөгөө юм. Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгаар 21 зэсийн орд, Эрдэнэт үйлдвэрийн 7 ордод хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн бааз сууриа өргөтгөн тэлэхээр тооцсон” хэмээсэн. Гуравдугаарт, сахилга баттай төсвийн хүрээ гэдгийг Н.Учрал сайд нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн бүх шаардлагаар улаан шугам татсан төсвийн хүрээ болохыг танилцуулсан юм. Тэнцвэржүүлсэн тэнцлийг ДНБ-ийн 1.5 хувьтай тэнцэх алдагдалд хязгаарлаж, суурь тэнцлийг ДНБ-ийн 2 хувийн ашигтай байхаар төлөвлөжээ. Нэгдсэн төсвийн нийт зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг 2027 онд 31.9 хувь, 2028 онд 30.4 хувь, 2029 онд 28.6 хувь болтол үе шаттай тууштай бууруулахаар төсөлд тусгасан байна.
Улсын эдийн засаг 2027 онд 5.8 хувиар, 2028 онд 6.0 хувиар, 2029 онд 6.3 хувиар өсөх төсөөлөлтэй, эдийн засаг дахь Засгийн газрын өрийн хязгаарыг 2027 онд 50 хувиас, 2028 онд мөн 50 хувиас, 2029 онд 45 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцсон гэдгээ Ерөнхий сайд (бүрэн эхийг эндээс) танилцуулав.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэд энэ удаагийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн таамаглалын хувьд олон улсын байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн таамаглалтай харьцангуй нийцтэй болсон, төрийн оролцоог бууруулах бодлогын зөв чиглэлийг баримталж байгааг тодотгосныг (бүрэн эхийг эндээс) Ж.Дэлгэрсайхан дарга танилцуулав. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн агуулгыг хамарсан байдлын тухайд өмнөхөөс сайжирсан, ахиц дэвшилтэй байна гэж зөвлөлийн зүгээс үзжээ. Мөн төсвийн тэнцэл, өрийн үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангаж байгаа гэлээ.
Гэсэн ч төсвийн тогтвортой байдал, төсвийн бодлого, зарлагын бүтэц, макро эдийн засгийн эрсдэлтэй холбоотой анхаарах асуудлууд байгааг Ж.Дэлгэрсайхан дарга танилцуулсан.
Төсвийн зарлагын өндөр түвшин болон зарлагын өсөлтийг хязгаарлах бодлогыг тууштай үргэлжлүүлэх шаардлагатай байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн судалгаагаар төсвийн зарлага ДНБ-ий 27 орчим хувь байх үед Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд хамгийн эерэг нөлөөтэй гэж гарсан боловч 2027-2029 онд энэ үзүүлэлтийг 28.6-31.9 хувь байхаар төлөвлөсөн байна.
Үүний шалтгаан нь өмнөх жилүүдэд нүүрсний экспорт, түүхий эдийн үнийн өсөлтөөс бий болсон гэнэтийн тогтмол бус орлогод тулгуурлан төсвийн зарлагыг огцом тэлсэн нь дараагийн жилүүдийн төсөвт өндөр дарамт үүсгэсэн явдал юм. Үүний улмаас 2024 онд төсвийн нийт зарлагыг 35.9 хувиар өсгөсөн нь алдаатай, буруу бодлого байсан. Харин 2025 онд төсвийн тодотгол хийхдээ болон 2026 оны төсөвт зарлагын өсөлтийг хязгаарласан нь оновчтой арга хэмжээ болсон гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл үзэж, энэ бодлогыг цаашид тууштай үргэлжлүүлэх шаардлагатай гэв.
Макро эдийн засгийн хувд тодорхой эрсдэлүүдийг анхаарах хэрэгтэйг тэмдэглэв. Макро эдийн засгийн өсөлт, нөлөөлөгч хүчин зүйлс тогтворгүй байгаа нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг бууруулахаар тодорхойлсон бодлогыг хэрэгжүүлэхэд төсвийн зарлага төдийгүй гадаад эрсдэл өндөр байгаа нь инфляцын эрсдэлийг нэмэгдүүлэх, 2024, 2025 онд хос алдагдалтай гарсан, төсвийн урсгал зардал өссөн зэрэг нь дунд хугацааны макро эдийн засгийн тогтвортой байдалд дарамт учруулж болзошгүй байгааг анхаарах нь зүйтэй гэв.
Голлох эрдсийн бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнийн төсөөлөл зах зээлийн нөхцөлөөс өндөр хэвээр байгааг тус дүгнэлтэд тэмдэглэжээ. Xуулийн төсөлд нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг 2027 онд 127.4 ам.доллар, харин зах зээлийн үнийг 68 ам.доллар байхаар тооцсон байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан олон жилийн дундаж болон олон улсын үнийн төсөөлөлд суурилсан аргачлал нь зарим тохиолдолд эрдэс бүтээгдэхүүний үнийг бодит зах зээлийн үнээс хэт зөрүүтэй тогтоох нөхцөл бүрдүүлж байгаа тул Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 11.1.3-т заасан тэнцвэржүүлсэн үнийг тооцох аргачлалыг эргэн харах шаардлагатай гэжээ.
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүд дутуу, буруу томьёололтой хэвээр байгааг дүгнэлтэд дурдсаныг тэрбээр танилцуулаад, холбогдох хуулиудын нийцлийг нягталж, шаардлагатай өөрчлөлт оруулах, зарим үзүүлэлтийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаж байх нь зүйтэй гэж тус зөвлөл үзсэн байна. Мөн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах зохицуулалтыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд хангалттай тусгаагүй хэвээр байгааг дурдав.
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотойгоор тус бодлогын баримт бичгийн ач холбогдол буурч байгааг дурдсан юм.
Зөвлөлийн зүгээс дээрх асуудлуудыг анхаарч төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах бодлогыг үргэлжлүүлэх, батлагдсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахгүй байх, баримтлах тусгай шаардлагыг сулруулахгүй байхад дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн бүтэц агуулга, төсвийн төлөвлөлт, сахилга батыг сайжруулах чиглэлд анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзсэн болохыг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, С.Эрдэнэболд, Б.Пүрэвдорж, Б.Батбаатар, Г.Лувсанжамц, О.Номинчимэг, Дав.Цогтбаатар, Д.Энхтүвшин, О.Батнайрамдал, Л.Соронзонболд, Н.Наранбаатар, Б.Мөнхсоёл нар дээрх илтгэл, дүгнэлттэй холбогдуулан Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаас асуулт асууж, хариулт авсан.
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах шийдвэр гарсантай холбогдуулан Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл болон Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн гадаад зээллэгийн санхүүжилтийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар асуулаа. Гадаад зээлийн ашиглалтаа нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд төслийг хэлэлцэж байсан ч шийдвэр өнөөдрийнхөөр гарсан учраас гадаад зээл ашиглалтын чиглэлээр арга хэмжээ авах боломжийг эрэлхийлнэ хэмээн Н.Учрал сайд хариулав. Гадаад зээлийн хувь 2027 онд 4 их наяд төгрөг, 2028 онд 3.8 их наяд төгрөг, 2029 онд дахиад 3.5 их наяд төгрөг гэхээр 11.3 их наяд төгрөгийн орон зай байгаа бөгөөд төсвийн энэ хүрээний дагуу улс орны амьдралд нэн чухал томоохон төслүүдээ үргэлжлүүлээд явуулах бололцоо бий гэв. Засгийн газрын зүгээс батлагдсан төсвийн хүрээнд холбогдох төлөвлөлтөө тусгах болно гэв. Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл батлагдаагүй нь гадаад зээлийг огт ашиглах боломжгүй гэсэн шийдвэр биш гэдгийг Н.Учрал сайд тодотгож байлаа. Засгийн газрын зүгээс чухал төслүүдээ нөөцөө дайчлан, үргэлжлүүлнэ, гэхдээ сахилга бат, хариуцлагаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрэмбийг өөрчилж, зарим төслийг хойшлуулах зохицуулалт хийх болно гэлээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлтэй холбоотой мэргэжлийн дүгнэлт гаргасан гэдэг тайлбар хийсэн.
Холбогдох төслүүдийн санхүүжилтийг төсөл дэх зохицуулалтаар шийдвэрлээгүйгээс үүдэн орлогод нийцсэн орон сууц, 17 аймгийн эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалт, цэцэрлэг, сургууль, эрчим хүч, дулааны станцын төслүүд, авто замын төслүүд, орон нутгийн хөдөөгийн хөгжил, ногоон хөгжлийн бодлогын төслүүд, хил боомтын үйлчилгээг сайжруулах төслүүд, хот байгуулалтын салбарын төслүүдийн эрэмбэ өөрчлөгдөх болж байгааг Ж.Энхбаяр сайд тайлбарлалаа.
Гадаад өрийн хэмжээг 6 их наяд төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 2 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж төсөлд тусгасан байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж тодруулахад Ерөнхий сайд энэ нь төсвийн төлөвлөлт биш, харин байж болох хязгаар гэдэг тайлбарыг өгсөн. Мөчлөг сөрсөн бодлого буюу өнөөгийн нөхцөлд эдийн засгийг идэвхжүүлж “халаах” шаардлагын үүднээс төсвийн тэнцлийг бодлогоор зохицуулах шаардлага байгаа талаар дэлгэрэнгүй хариулт өгсөн.
Боловсрол, эрүүл мэндийн салбар дахь төсвийн хуваарилалтыг хасахгүй байх, боломжтой бол нэмэгдүүлж байх бодлогыг баримтлахыг гишүүд сануулахад хүний хөгжлийг дэмжих, хамгаалах нь Засгийн газрын тэргүүлэх бодлого болохыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр тайлбарлаж, дэлгэрэнгүй хариулт өгсөн. Хэлэлцэж буй төсөл дэх эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг өөдрөгөөр төсөөлсөн эсэх гишүүдийн асуултад Ерөнхий сайд болон Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд дэлгэрэнгүй мэдээлэл, холбогдох үзүүлэлтүүдийг тооцсон үндэслэлээ тайлбарлан хариулт өгч байв.
Төсвийн хүрээний мэдэгдлийн нэг дэх хэлэлцүүлгийн үеэр гишүүд тэтгэврийг тухайн жилийн үнийн өсөлт, инфляцтай уялдуулан шууд нэмдэг хуулиа хэрэгжүүлж, инфляцыг бодитоор нь тооцохыг, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл дэх үзүүлэлтүүд энэхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл дэх үзүүлэлтүүд нийцэхгүй байгааг анхаарахыг, төрийн бүтцийг цомхон болгох бодлого тусгагдаагүй байгааг хэлж, холбогдох тодруулгуудыг хийсэн юм.
Үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарласан бөгөөд үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.